Элтон Жонтой олон жил үргэлжилсэн маргаанаа дуусгаж, эвлэрсэн талаар Мадонна инстаграм хуудсандаа нийтэлжээ. Өдгөө 78 настай Сэр Элтон Жон дуучин Мадоннаг тоглолтынхоо үеэр амьдаар дуулдаггүй, ам барьдаг хэмээн олон жилийн турш буруутгасаар ирсэн юм.
Тэрээр анх 2004 онд Их Британийн дуу хөгжмийн “Q Awards” шагнал гардуулах ёслолын “Шилдэг амьд тоглолт” шагналд дуучин Мадоннаг нэр дэвшсэн явдлыг шүүмжилж, “Ам барьдаг хүмүүс хэзээнээс амьд тоглолтын төрөлд нэр дэвшдэг болчихсон юм” гэх зэргээр доромжилж, улмаар өнгөрсөн он жилүүдэд дуучин Мадоннагийн эсрэг олон дайралт хийж байсан ажээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Америкийн NBC телевизийн “Saturday Night Live” шоу нэвтрүүлэгт оролцож, ая дуугаа өргөсөн Элтон Жонтой дуучин Мадоннатай нүүр тулан уулзаад, шууд эвлэрцгээсэн талаараа инстаграм хуудсандаа бичсэн байна.
Өдгөө 66 настай дуучин Мадоннад хэлсэн Элтон Жоны эхний үг нь “Намайг уучлаарай” байсан бөгөөд тэрхүү үгийг сонсоод л тэдний хоорондох хана нурж унасан тухайгаа Мадонна бичжээ. Мөн тэрээр өсвөр наснаасаа л Элтон Жоны үнэнч шүтэн бишрэгч байсан боловч биширч, хүндэлж явдаг хүн нь түүнд дургүй байсныг мэдэх үнэхээр хүнд, ойлгомжгүй байсан тухайгаа дурдлаа. Эдгээр дуучид эвлэрч найрамдаад зогсохгүй цаашдаа хамтарсан уран бүтээл ч гаргаж магадгүй талаараа нийтэлжээ.
Тэрээр дуучин Элтон Жоныг түүнд зориулж дуу зохиосон бөгөөд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэжээ.
Сэр Элтон Жон ч мөн Мадоннагийн нийтлэлийн доор хариу бичиж, “намайг болон дарвагар амыг минь уучилсанд баярлалаа” гээд, гайхалтай уран бүтээлчийн талаар олон жилийн турш хэлж ярьж явсан зүйлдээ гэмшиж байгаагаа илэрхийлж, хамтран ажилласнаараа олон хүнд тус дэм болж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэжээ.