Ш.Гүрбазар Германд хорт хавдраасаа салжээ


Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар ХБНГУ-ын Франкфурт хотын Нордфест хавдар судлалын төвд хагалгаа хийлгэн, 70 гаруй хоног 3 удаагийн шаталсан эмчилгээнд хамрагдаж, хорт хавдраасаа салжээ. Тэр одоо уг эмнэлгийн хяналтад жил орчим явах юм байна.

Түүний эмчилгээнд нэмэрлэхээр найзууд нь 2025.02.22-нд хандивын тоглолт зохион байгуулсан билээ.

Ш.Гүрбазар энэ тухайгаа “Ямартай ч буцаж төрсөн мэт цоо шинэ омогшлоор урагш алхах цаг хугацаа намайг тосож байна. Төр, түмэндээ залбиръя. Хүндхэн ирж байсан өдрөө өнөөдөртэй харьцуулахад самсаа борхирохоос өөр аргагүй нь. Үнэнийг өгүүлэхэд эмчилгээнийхээ хажуугаар “Намайг эдгээсэй гэж залбирч байгаа түмэндээ заавал өндийж очно доо” гэсэн сэтгэл минь намайг босголоо.

Төр түмэн минь гэж сүслэх тань

Тарни юм байна шүү.

Түүнээс гадна энэ 70 гаруй хоногт зүйлийн л юм бодогдсоон. Түүнийгээ цоохор тэмдэглэл, шадалсан бодрол маягаар тэмдэглэж, миний 40 жил үерхсэн УГЗ Доржхандын Төрмөнх найздаа, мөн 8 жил миний тэрлэсэн болгоныг шивж хадгалдаг Б.Энхээ дүүдээ явуулж байлаа.

Гэтэл Төрмөнх “Үүнийгээ тэмдэглэл бодролын ном болгочих. Хүмүүст хэрэгтэй” гэснээр “Нулимс унахаа нүднээс асуухгүй” хэмээсэн ном болгож байгаа, Төрөө маань. Одоо бодоход зөв ч байх аа. Өөрийн амьдралд тохиосон бараг 3 сар орчмын сэтгэлийн тэмдэглэлээ олон түмэндээ дэлгэх минь миний их дотносол гэж бодлоо.

Та бүхний надад өргөсөн сэтгэл тань

Татаад босгосон тэнгэр байлаа

Нарны саам амсахын

Заяаг минь уртасгасан

Насан туршийн сэтгэлд тань сүсэлье.

Шагдарсүрэнгийн Гүрбазар /2025.04.08/” гэж бичжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *