“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой, А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг дэнслээд гаргасан шийдвэрээ шүүх бүрэлдэхүүн өнөөдөр танилцууллаа. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт буюу 4-р сарын 2-ны өдөр дууссан юм. Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн 22.1.1, 17.3.2.2, 22.12.1, 22.12 дэх зүйл заалтаар АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн юм.
Нийслэлийн Прокурорын газрын прокурор:
-Шүүгдэгч А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг болон 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг, Чойжилсүрэн мөн адил энэ зүйл ангийн 22.1.1 хэсэг, Жавхлантбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг, шүүгдэгч С.Баярсүх, Бямбасүрэн, Мөнхболд, Баярмаа, Б.Дөлгөөн, О.Хонгорзул О.Сүхбаатар, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, Д.Цогбадрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хандсан хандлага, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчим, хууль ёсны зарчимд нийцүүлэн улсын яллагч нараас дараах ялын санал гаргаж байна. Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, 3 жил хорих ял оноох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8.1 хэсэгт зааснаар журамлан, нийт эдлэх ялыг нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасан, 7 жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна.
Шүүгдэгч А.Ганхуяг:
-Шүүхээс гаргах шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна. 1 л юманд би гомдолтой байна. Монгол иргэний чинь хийсэн юм юу ч биш боллоо. Улаан цагаан мөнгө нь Солонгос руу шилжээд оччихсон байхад, солонгосчуудад доромжлуулаад сууж байгаадаа, би монгол хүн мөн үү, биш үү гэдэгтээ гомдож байна. Прокуроруудын яллаж байгаа байдлыг харахад, би яг ямар дайсан болчхоод, ингэтлээ прокуроруудын үзэн ядалтад ороод байгаагаа бодоод, гайхаад сууж байна.
Төрийн энэ олон албан хаагчийн заримыг нь цагаатгаж байгаад би баярлаж байна. Харамсалтай нь прокуроруудынхаар яллах юм бол би солонгосуудаас мөнгөө ч олж авч чадахгүй юм байна. Энд хожиж байгаа хүн нь солонгосууд. “Монголын шүүх асуудалгүй. Би цагаадаад гарна” гэж хэлж байсан солонгос нөхөр хэлснээрээ гарч байх шиг байна.
Би ямар дайсан болчхоод энд яллуулах юм хийчхэв ээ. Анхнаасаа “Энэ хүн оролцоогүй” гээд байхад, орчуулагч орж ирээд батлаад байхад, прокурор нэгийг нь ч сонсоогүй. Бид баахан идэж уусан гээд байсан чинь ийм асуудал байсан юм уу?
Улсыг 100 хувь хохиролгүй болгосон. Бүх төлбөр тооцоогоо барагдуулсан. Үүнийг харгалзсангүй. Шударга хандах болов уу гэж бодсон чинь прокурорууд арай л өөр хандлаа. Өмгөөлөгч нарын маань хүсэлтийг хүлээж аваач ээ гэж шүүхэд хүсэлт тавьж байна.