Бүгд Найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотын Jet Set хэмээх шөнийн клубын дээвэр нурсны улмаас 98 хүн амиа алдаж, 150 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын албаныхны зүгээс мэдээллээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа ба амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй ажээ.
Нурсан дээвэрт дарагдаж амиа алдсан хүмүүсийн дунд 51 настай, орон нутгийн захирагч, бейсболын од тамирчин Октавио Дотел багтсан байна. Түүнийг нурангин доороос гаргаж эмнэлэгт хүргэх замд амьсгал хураажээ. Мөн Монте Кристи мужийн захирагч Нельси Круз нас барсан байна.
Jet Set клубын дээвэр нурсан хэрэг явдал орон нутгийн цагаар мягмар гарагийн 01:00 цагийн орчимд алдартай дуучин Рубби Перезын тоглолтын үеэр болсон байна. Тухайн дуучин нурангид дарагдсан хүмүүсийн дунд байгаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Дээвэр нурах үед шөнийн клубт олон зуун хүн байсан бөгөөд нурангин доор дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаанд 400 орчим аврагч оролцож байгаа гэнэ.
Аврах албаны дарга Хуан Мануэль Мендез дээврийн нурангин доороос олон хүнийг амьдаар нь гаргаж авах итгэл найдвар тээн ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
Jet Set клуб нь даваа гараг бүрийн шөнө дуу хөгжмийн тоглолт, үдэшлэгийн арга хэмжээ зохион байгуулдаг, нийслэл Санто Доминго хотын алдартай шөнийн клуб бөгөөд клубын дээвэр нурсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Бүгд Найрамдах Доминикан улсын ерөнхийлөгч Луис Абинадер хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ.