АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын дэлхийн 100 орчим улс оронд ногдуулсан “харилцан тэгш тариф” 4-р сарын 9-ний лхагва гарагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Улс орон бүрд харилцан адилгүй ногдуулсан Трампын “харилцан тэгш тариф”-ын бодлогыг эсэргүүцэн хариу арга хэмжээ авч буй улс орнууд байгаа бол 70 гаруй улс орон АНУ-тай худалдааны яриа хэлэлцээ байгуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа талаар АНУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн департментын зүгээс мэдээлжээ.
Тэгвэл нийт 104%-ийн тарифтай нүүр тулаад байгаа, Трампын тарифын бодлогыг эсэргүүцэж буй БНХАУ болон мөн ЕХ-ны удирдагчдын зүгээс чөлөөт худалдааны системийг хамгаалахад хамтран ажиллах нь чухал болохыг онцлоод байна.
БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар мягмар гарагт утсаар холбогдон ярилцах үеэрээ Трампын тарифын асуудлыг хэлэлцжээ.

БНХАУ-ын ГХЯ-ны мэдээлснээр, Хятад болон ЕХ харилцаа холбоогоо улам бэхжүүлж, нээлттэй чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулалтыг хамгаалахын тулд хамтран ажиллах ёстой гэдгийг Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд цохон тэмдэглэж, хоёр талын болон олон улсын эдийн засагт илүү тогтвортой, тодорхой байдлыг авчрах шаардлагатай байгааг яриандаа онцолсон байна.
Урсула фон дер Лейен “Европ болон Хятад улсууд нь чөлөөт, шударга, тэгш өрсөлдөөний талбарт суурилсан, өөрчлөгдөж шинэчлэгдсэн худалдааны тогтолцоог дэмжих үүрэг хүлээж байгаа” хэмээн тодотгосныг ЕХ-ны зүгээс мэдээлжээ.
Хэдийгээр БНХАУ болон ЕХ нь цахилгаан автомашины тариф болон бусад асуудлаар хоорондоо санал зөрөлдөөнтэй байдаг ч ийнхүү талууд Трампын тарифын бодлогын эсрэг чөлөөт худалдааг дэмжин хамгаалахын төлөө байр сууриа нэгтгээд байна.
Гэхдээ Трампын тарифын эсрэг тэдний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь газар, тэнгэр шиг ялгаатай. ЕХ-ны зүгээс АНУ-ын талд “харилцан тэг тариф” ногдуулахыг санал болгоод байгаа бол Бээжингийн зүгээс АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд ижил хувийн хариу тарифыг ногдуулах арга хэмжээг авч, худалдааны зөрчилдөөнийг нэмэгдүүлсээр байгаа билээ.