Ирэх сарын 3-ны өдөр явагдахаар болсон Австралийн парламентын сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн зохион байгуулагдсан байна.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш болсон мэтгэлцээн эрх баригч Хөдөлмөрийн намын дарга, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез болон сөрөг хүчний Либерал намын дарга Питер Даттон нарын хооронд явагдсан бөгөөд халз мэтгэлцээнийг Sky News мэдээллийн суваг, The Daily Telegraph сонины зүгээс хамтран зохион байгуулжээ.
Парламентын сонгуулийн өмнөх анхны мэтгэлцээний үеэр ярилцсан голлох сэдвүүд амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш, инфляци байлаа. Мөн намын дарга нараас АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын дэлхийн улс орнуудад ногдуулаад буй импортын тарифын талаар асуусан байна.
Трампын тарифын тухай асуултанд ерөнхий сайд Энтони Албанез хариулахдаа дэлхийн ямар ч улс орон үүнд Австрали улс шиг сайн бэлтгэл хангаагүй байсан хэмээн өөрийн засгийн газраа өмгөөлөхийн сацуу “мэдээж бид Австрали улсад ашигтай гэрээ байгуулахын төлөө АНУ-тай яриа хэлэлцээг үргэлжлүүлэн явуулах болно, бид Америкийн бараа бүтээгдэхүүнд импортын тариф ногдуулдаггүй учраас харилцан тэгш тарифыг тэг болгох боломжтой” гэжээ.
Түүний өрсөлдөгч, Либерал намын дарга Питер Даттон дээрх асуултанд Трампын өмнөх бүрэн эрхийн хугацаанд түүний засаг захиргаатай яриа хэлэлцээ явуулж байсан туршлагаа дурьдаад, ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаа хүн манай улсад хор хохирол учруулах гадны дээрэнгүй удирдагчдын эсрэг ард түмнээ хамгаалан зогсч чадах хүчтэй нэгэн байх ёстой хэмээн хариулжээ.
Мягмар гарагийн мэтгэлцээний ялагчаар ерөнхий сайд Энтони Албанез тодорсон болохыг тухайн үдэш нэр дэвшигчдэд асуулт илгээсэн 100 сонгогчийн дунд явуулсан санал хураалтаар шийджээ.