Нийгмийн даатгалын санд “Капитал” 65.4, “Чингис хаан” 91.3 тэрбумын өртэй байна


Нийгмийн даатгалын санд “Капитал” банк 104.2 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс 38.8 тэрбум төгрөгийг барагдуулж, 65.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Чингис хаан” банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 12.2 тэрбум төгрөгийг барагдуулж, 91.3 тэрбум төгрөг төлөх үлджээ.

2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газар, хэлтсийн дарга, албан хаагч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд, холбогдох албаны дарга, албан хаагч нартай энэ асуудлаар уулзалт зохион байгууллаа. Хоёр банкны өр болон нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, байгууллага хооронд шаардлагатай мэдээ, мэдээллийг цахимаар солилцох, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагааг цахимаар шийдвэрлэх боломж байгаа эсэх асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Ингэснээр даатгуулагчийн төлсөн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, даатгуулагчдыг хохироохгүй байх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчдад цаг хугацаа орон зайнаас үл хамааран түргэн шуурхай үзүүлэх нөхцөл бүрдэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *