Өмгөөлөгч Б.Батбаяр: Цахим мөрийтэй тоглоомд тусгай зөвшөөрөл олгож, татвар, хяналтын тогтолцоог уялдаатай зохион байгуулах хэрэгтэй


“Алтаргана” хуулийн товчооны өмгөөлөгч Б.Батбаяртай цахим мөрийтэй тоглоомын зохицуулалтын талаар ярилцлаа.

—————————————————————————-

-Манай улсад цахим мөрийтэй тоглоомын талаар хуульд тусгагдсан ямар нэгэн зохицуулалт байсан юм болов уу. Саяхан төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг эрхлэхийг хориглож, эрүүгийн хууль, зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа?

-Манай улсад “цахим мөрийтэй тоглоом”ыг тусгайлан авч үзэж, зохицуулахаас илүүтэй мөрийтэй тоглоомыг хориглох, зөвшөөрөх аргаар зохицуулах оролдлогуудыг хийж ирсэн байдаг. Хамгийн сүүлийн үеийн зохицуулалтыг дурдвал, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах”аар тусгагдсан байгаа. Харин хориглолтын хувьд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр уг үйлдлийг эрүүжүүлсэн байдаг.

Нийгмийг цочроосон олон ноцтой хэргүүд мөрийтэй тоглоомоос шууд болон шууд бусаар шалтгаалж үйлдэгдэх нь түгээмэл болсон. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаанд хууль санаачлагчид анхаарлаа хандуулах зүй ёсны шаардлага бий болсон гэж үзэж байна. Зан үйлийн шинжтэй харилцааг заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болох хууль, дүрэм, журмаар зохицуулж болно. Харин тодорхой үйлдлийг шууд хориглох замаар дэг журам тогтоох нь авч болох хамгийн эрсдэлтэй арга хэмжээ гэж үздэг. Нийгэмд тулгарч буй аливаа бэрхшээлтэй асуудлыг төрийн зүгээс шийдвэрлэхийн тулд тодорхой хэмжээний хяналт тогтоох шаардлагатай болдог. Гэтэл одоо үүсээд буй бодит нөхцөл байдалд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зохицуулалтын хүрээнд тогтоож буй хяналт нь асуудлыг шийдвэрлэхэд хүчин мөхөсдөж байгаатай хэн ч маргахгүй байх. Иймээс тодорхой хугацаанд уг асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмжээнд хяналт тогтоохын тулд дээрх арга хэмжээг авахыг шууд буруутгах боломжгүй. Гагцхүү энэ нь ямар хугацаанд үргэлжлэх нь анхаарал татаж байна.

-Цахим мөрийтэй тоглоомыг хориглох тухай хуульд тусгаж, шууд хориглосноос үүдэн олон хүн хохирох эрсдэл үүсч болох уу?

-Нэн тэргүүнд зохицуулалттай эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал. Үүнд цахим мөрийтэй тоглоомыг хуулийн хүрээнд зөвшөөрч, тусгай зөвшөөрөл олгох, нөгөөтэйгүүр татварын болон хяналтын тогтолцоог харилцан уялдаатай зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр тоглогчдын эрх ашгийг хамгаалах, хэт их тоглох эрсдэлийг бууруулахад чиглэсэн хариуцлагатай тоглоомын бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Харин энэхүү эрх зүйн зохицуулалтыг зөрчвөл хууль бус үйл ажиллагаа болох учраас түүнийг илрүүлэх, зогсоох, хариуцлага тооцох арга хэмжээг зэрэгцүүлэн боловсруулах шаардлагатай.

-Гадны орнуудад цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх, зохицуулах талаар ямар сайн туршлага байна вэ. Хяналттай, зөв зохицуулбал ач холбогдол бий болох уу?

-Олон жишээ дурдаж болно. Жишээ нь, Их Британид цахим мөрийтэй тоглоомыг хууль ёсны болгож, тусгай зөвшөөрөл олгодог. Их Британийн Мөрийтэй тоглоомын хороо (UK Gambling Commission) нь мөрийтэй тоглоомын операторуудыг хянаж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагатай тоглоомыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлснээр оролцогч илт хохирол амсахгүй байхаас гадна эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Харин Өмнөд Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомыг хатуу хориглодог ч хууль бус үйл ажиллагааг хянах, зогсоохын тулд цахим хяналтын системийг ашигладаг. Мөн мөрийтэй тоглоомын донтолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Бооцоот тоглоом, спорт бооцоог хяналттай, зөв зохицуулж чадвал татварын орлого нэмэгдэхээс гадна энэ салбарыг дагаж хөгждөг зочид буудал, хоолны газар, үзвэр үйлчилгээний газрууд олноор нээгдэж, ажлын байр их хэмжээгээр нэмэгддэг жишиг бий.

-Мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэрэг үйлдсэн бол хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан байдаг.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г. Балгармаа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *