НДШ-ийн дарамт бизнес эрхлэх боломжуудыг устгаж байна гэв


Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр МҮХАҮТ-д болов. Тэнд хууль санаачлагч УИХ-ын гишүүдээс гадна 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл ирсэн байлаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “2000-аад оноос хойш өнөөдрийг хүртэл Нийгмийн даатгалын сангийн зардлыг УИХ улс төрийн сэдвээр маш их нэмсэн. орлого тогтвортой байгаа. Гэвч орлого, зарлагын харьцаа нь алдагдсанаас болоод “Сангийн алдагдлыг яаж нэмэгдүүлэхгүй байх вэ. Ер нь сангийнхаа орлогыг яаж барих вэ” гэдэг шийдвэрүүд гараад явсан. Ингэхээр НДШ-ийг бүх орлогоос, бүх урамшууллаас, бүх хөнгөлөлтөөс, ажилтандаа олгосон түлээ, нүүрснийх нь мөнгөнөөс хүртэл аваад эхэлсэн. Тал бүээс авч эхэлсээр байгаад НДШ нь татварын дарамт шиг хэмжээнд очдог болсон. Өөрөөр хэлбэл, бид ирээдүйдээ ирэх санхүүгийн хүндрэлээс сэргийлэх хэмжээний даатгалын хэв шинжээ алдаад, татвар хураамжийн албан журмын татвар шиг болоод эхэлсэн. Энэ байдлаас нь гаргая” гэв.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд гурван том зарчмын өөрчлөлт оруу лахаар төслөө боловс руулжээ. Энэ тухай УИХын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Түвшин “Эхнийх нь ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулахаар хуулийн төсөлд тусгасан. Хоёрдугаарт, ажил олгогчийн НДШ төлөх дарамтыг бууруулснаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх бо ломжийг бүрдүүлнэ. Гурав дугаарт, хоол унааны зар далд олгосон хөнгөлөлт урам шууллаас НДШ төлүүлд гийг зогсоох ёстой. Хуулинд эдгээр өөрчлөлтийг оруулахаар төсөлд тусгаад байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр НДШ бизнесийн орчинд, иргэн, аж ахуйн нэгжид хэрхэн хүндээр тусч, дарамт болж байгаа талаар салбар салбарын төлөөллүүд бодит үнэнийг хэлнэ лээ. Ялангуяа Нийгмийн даатгалын ерөнхий хууль залуу ажилтнуудад маш халгаатай гэдгийг эм зүйн салбарынхан ярив. Харин хөндлөнгийн судлаачдын зүгээс “Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хувьд авч үзэхэд гурван зүйл дээр төвлөрч яваа юм байна. Харамсалтай нь төсвийн орлого бүрдүүлэх хэсэг дээр НДШ ороод явж байгаа. Иймд нийгмийн даатгалын тогтолцоог сууриар нь авч үзэх хэрэгтэй. Одоогийн хэрэгжиж буй Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Өнөөдөр НДС-гийн алдагдал тэтгэврийн даатгал гурван их наяд байна. Тэтгэвэр өгч байгаа нь таван их наяд төгрөг байна. Зөрүү нь хоёр их наяд төгрөг. Цаашид хувийн даатгалын систем рүү шилжүүлэх ёстой” гэсэн байр суурьтай байв. Ажлын хэсгийн зүгээс “Ер төр хэтэрхий туйлширч авахын төлөө явж ирсэн. Хувиараа хөдөлмөр эрхлэхээр орлогоос нь 10 хувийн НДШ, нэмээд ХХОАТ, НӨАТ авдаг. Хувь иргэнтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгж гэрээ байгуулсныхаа төлөө дахиад НДШ төлдөг. Ингээд нийтдээ 40 хувийн татвар авчихаж байна шүү дээ. 40-өөс дээш хувийн ашигтай бизнес хаана ч байхгүй. Өнөөдөр төр аваад байгаа юм шиг мөртлөө маргааш, нөгөөдөр ажлын байрыг, ажил хөдөлмөр эрхлэх урам зориг, бизнес эрхлэх боломжуудыг нь устгаж байна. Тэгэхээр юунаас авах вэ, юунаас авахгүй байх вэ. Ямар хэмжээтэй авах вэ гэдэг зарчмаа тогтоох ёстой. Үүн дээр төрийн бодлого зохистой харьцаатай, бизнес эрхлэгчдэдээ итгэл үнэмшил үзүүлье, зөв шийдвэр гаргадаг болъё гэсэн бодлого байх ёстой. Ингэснээр бизнес эрхлэгчдийн хувьд зохистой татварыг төр тогтоож өгдөг юм гэсэн итгэл үнэмшилтэй байх юм. Төр авахаа тулгаад төрийн авдаг хандлага ихсээд ирэх юм бол нөгөө талд шударга бус байдал ихэснэ. Орлого ологч, төлөгч этгээдүүдээ унагаагаад дуусгачих гээд байгаа юм” гэж тодотгоно лээ.

“НДШ-ийн дарамт буурах юм бол зах зээл дээр байгаа бараа материалын чанар сайжирч, үнэ буурах боломжтой”

НДШ аж ахуйн нэг жийг бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх, цалингаа нэмэхэд нь хүндрэл учруулдаг талаар хэлэлцүүлэгт оролцогч хувийн хэвшлийнхэн нэг биш удаа хэлэв. Энэ талаар “Нандинбродерс групп” ХХК компанийн дотоод аудитор Д.Оюунтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

———————————————————————

-Танайх ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ. НДШ-ийн дарамт аж ахуйн нэгжүүдэд яаж тусч байна вэ?

-Манайх хөдөө аж ахуй, барилга, үйлчилгээний чигэллээр үйл ажиллагаа явуулдаг. НДШ-ийн хувьд өмнө хүмүүсийн цалин хөлснөөс төлдөг байлаа шүү дээ. Тэгвэл одоо хувь хүнээр ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн ч, ямар нэгэн байдлаар хөлсөөр ажиллуулсан ч, ажилчдадаа хоол унааны мөнгө гээд ямар нэгэн байдлаар хүнд орлого олгосон л бол тэр бүгдээс НДШ төл гэдэг. Ерөөсөө компаниас ямар ч тохиолдолд зөвхөн ажилчдаар нь хүрээлэгдэхээ больчихож байгаа юм. Хөдөлмөрийн зах зээл дээр хувиараа ажил үйлчилгээ хийгээд явж байгаа хүмүүс зөндөө бий. Жишээлбэл, барилгын хүмүүс гүйцэтгэл дээр баргиад болоод явдаг даа. Тэдгээр хүмүүст орлого олгосон бол заавал НДШ төлнө. Уг нь тэр хүмүүс нь төлүүлэхгүй байж байгаад өөрсдийнхөө зардлыг тооцоод орлогоо тайлагнаад татвараа төлөх ёстой. Гэтэл дунд нь чи заавал тэрнээс нь шимтгэл ав гээд байгаа. Энэ бол маш том дарамт.

-Ер нь НДШ-ээс болж хувийн хэвшлийнхэн цалин хөлсөө нэмэхэд хүндрэлтэй байдаг уу?

-Байгууллага 12.5 хувийн НДШ төлдөг. Энэ бол маш том дарамт гэдгийг олон хүн ярьж байна. Хүмүүсийнхээ цалинг нэмэх тоолонд энэ дүн цалинтай нь уялдаад өснө. Зах зээл өртөг өндөртэй болчихсон. Тэр хэрээр хүмүүс цалингаа нэмүүлэх хүсэл шаардлага их байх нь мэдээж. Цалингаа нэмье гэхээр дахиад л аж ахуйн нэгжийн зардал өснө. Ганцхан НДШ-ийн зардал өслөө гэж тусад нь ойлгох ойлголт биш. Тэр өсч буй зардлын хэмжээгээр бид техник, тоног төхөөрөмжөө сайжруулах хэрэгтэй байна. Илүү чанартай бараа материал татаж ирэх хэрэгтэй байна. НДШ-ийн дарамт буурах юм бол зах зээл дээр байгаа бараа материалын чанар сайжирч, үнэ буурах гээд бүх төрлийн ашигтай хувилбар бий. Хуулийн төслийн ажлын хэсэг энэ 12.5 хувийг бууруулна гэсэн зорилго тавиагүй байгаа нь цаанаа улс орны төсвийн орлоготой л холбоотой болов уу гэж харж байна. НДШ авч байгаа хэлбэр нь өөрөө буцаад нийгмийг тогтвортой байлгах тэр бодлоготой уялдах хэрэгтэй.

-Байгууллагууд түр ажилтныхаа НДШ-ийг хүртэл төлж байна. тухайн байгууллагад гурван хоног юм уу гурван сар ажилласан ч заавал төлнө. Төлөхгүй гэхээр торгууль ногдуулдаг. Төллөө гэхэд иргэндээ ямар ч өгөөжгүй. Ядаж л банкны зээл гарахгүй, гадагшаа виз мэдүүлэхэд баталгаа болохгүй байна. Тэгэхээр ингэж НДШ нэрээр иргэдээ шулах хэрэг байна уу?

-НДШ-ийг хөдөлмөрийн харилцаа үүссэн тохиолдолд төлөх ёстой. Тэр хүн гурван өдөр байна уу, гурван сар ажилласан байна уу гэдгээс үл шалтгаалаад тухайн байгууллага дээр ирэхдээ хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирсэн үү, эсвэл ажил гүйцэтгэхээр ирсэн үү гэдэг нь чухал. Хэрэв тэр хүн ажил гүйцэтгэхээр ирсэн бол өөрийнх нь хувиараа эрхэлж байгаа ажил үйлчилгээ. Тэрнээс НДШ авмааргүй байгаа юм. Харин “Би ажиллана” гэж хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан бол гурван өдөрт нь НДШ төлөхөөс аргагүй. Ийм хуультай. Тэр нь зээл гарах баталгаа болохгүй байна гэхээр банкны шалгуурын асуудал болж байгаа юм. Мэдээж банк энэ хүн тогтвортой ажилтай биш юм байна. Зээлээ буцааж төлөх боломжгүй юм байна гэж харна.

-Тэгэхээр тэр хүнд НДШ төлөх нь үр өгөөжгүй болчихож байна уу?

-Тийм ээ, ашиггүй. НДШ бол тухайн хүний нийгмийн байдлыг баталгаажуулж байгаа зүйл. Тэр хүн нийгмийн даатгал төлснөөрөө тэтгэвэртэй байна. Өвдвөл тэтгэмж авна. Хүүхэд төрүүлбэл тэтгэмж авна. Хувь хүнийхээ үүднээс нийгмийн асуудлыг нь хамгаалж байгаа зүйл нь НДШ. Харин улсынхаа үүднээс төсвийг бүрдүүлж байна. Өнөөдөр би ажиллаад НДШ төлж байхад ахмадууд тэтгэвэр авч байна. Тэр утгаараа НДШ байх ёстой зүйл. Гэхдээ ямар тохиолдолд шимтгэл авах вэ гэдэг чинь л асуудал. Тэрийг зөв хуульчилж өгөх ёстой. Хүмүүс ажил үйлчилгээ эрхлээд өөрийнхөө хийж чаддаг зүйлээр мөнгө олж байхад нь заавал шимтгэл төл гээд дарамт учруулах ёсгүй гэж бодож байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

М.Мөнх


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *