АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн долоо хоногт зарлаж, лхагва гарагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байсан импортын тарифын нэмэгдлээ 90 хоногийн хугацаанд түр хойшлуулж байгаагаа зарласан байна.
АНУ-тай худалдаа хийдэг 60 орчим улс оронд “харилцан тэгш тариф” нэрээр ногдуулаад байсан импортын өндөр тарифыг хурааж эхлэх өдрөө тэрээр бодлого шийдвэрээ өөрчилсөн бөгөөд улс орнууд худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлэн явуулж байгаа гэдэг шалтгаанаар үндсэн 10%-ийн тарифыг хэвээр нь үлдээж, нэмэлт тарифыг түр хойшлууллаа.
Трампын мэдэгдлийн дараахан АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент дэлхийн 70 гаруй улс оронтой худалдаа болон тарифын асуудлаар яриа хэлэлцээ явуулж байгаа ба импортын тарифыг түр хойшлуулсны дараа дээрх тоо улам нэмэгдэнэ гэж бодож байгаагаа хэлсэн байна.
АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессентийн мэдэгдсэнээр харилцан тэгш тарифыг 3 сарын хугацаанд хойшлуулсан бодлогын өөрчлөлт нь олон улсын хөрөнгийн зах зээл унасан явдалтай хамааралгүй гэсэн бол сөрөг хүчний Ардчилсан намын гишүүн, сенатч Чак Шумер дээрх шийдвэрийг “Трамп бодлого төлөвлөгөөнөөсөө ухарч байна, энэ бол сайн зүйл” хэмээн хэлжээ.
Трампыг шийдвэрээ танилцуулснаас хэдхэн цагийн дараа Америкийн хөрөнгийн зах зээлд огцом өсөлт ажиглагдсан байна. S&P 500 индекс лхагва гарагийн үдийн арилжаагаар 7%-ийн өсөлттэй байсан бол арилжаа хаагдах үед 9.5%-ийн өсөлттэй байсан байна. Түүнчлэн арилжаа хаагдах үеэр Америкийн Nasdaq индекс 12%, Dow Jones индекс 7.8%-ийн өсөлт үзүүлжээ.
Түүнчлэн харилцан тэгш тариф ногдуулах тухай анхны мэдэгдэл хийх үед хувьцааны ханш нь огцом унаад байсан томоохон компаниудын ханш ч өсөөд байна. Жишээ татахад, Nike компанийн хувьцааны ханш 11%-иар, Apple компанийн хувьцааны ханш 15%-иар өссөн байна.
Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд нийтэлсэн мэдэгдэлдээ түүний тарифын бодлогыг эсэргүүцэж, хариу арга хэмжээ аваагүй улс орнуудын импортын тарифын нэмэгдлийг 90 хоногийн хугацаанд хойшлуулж байна гэжээ.
Харин АНУ-ын импортын эсрэг 84%-ийн тариф ногдуулах хариу арга хэмжээ авсан Хятад улсын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифын хэмжээг 125% болгож нэмэгдүүлэх шийдвэрийг АНУ-ын төрийн тэргүүн гаргасан байна.
Эргэн сануулахад, оны эхээр Трамп Хятадын импортод 20%-ийн нэмэлт татвар ногдуулсныхаа дараа 34%-ийн тариф нэмж ногдуулсан бол хариуд нь Хятад улс Америкийн импортод 34%-ийн тариф ногдуулсан. Үүнийх нь хариу болгож Трамп Хятадын импортод 50%-ийн нэмэлт тариф ногдуулж байгаагаа мягмар гарагт мэдэгдсэнээр Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан АНУ-ын тарифын хэмжээ 104% болсон бол Бээжингийн зүгээс “дуустал нь тулалдах болно” гээд Америкийн импортод ногдуулсан тарифын хэмжээгээ 34%-иас 84% болгож нэмэгдүүлээд байгаа юм.
Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан хэтийн төлөвийн мэдээллээр дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний хоорондох худалдааны харилцаа муудсаар байвал тэдний худалдааны хэмжээ 80% (466 тэрбум ам.доллар) хүртэл буурах магадлалтай гэжээ.
Өнгөрсөн жил Хятад улс Америкт 400 гаруй тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Тарифын нэмэгдлээ түр хойшлуулах мэдэгдлийнхээ дараагаар Д.Трамп Хятад улстай гэрээ байгуулж чадна гэсэн итгэлтэй байгаагаас гадна зарим компани, аж ахуй нэгжүүдэд тарифаас чөлөөлөх асуудлыг авч үзэж байгаагаа хэлсэн байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн шинжээчид Д.Трампыг импортын тарифын нэмэгдлээ хойшлуулах нь тодорхой байснаас гадна түр хойшлуулаад байгаа 90 хоногийн дараа ч тарифын нэмэгдлийг үргэлжлүүлэхгүй гэсэн байр суурьтайбайна.
Гэвч Трампын харилцан тэгш тариф ногдуулсны дараа олон улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгийн зах зээлд үүссэн цочрол 90 хоногийн дараа дахин давтагдаж, тодорхойгүй байдал үүсэхгүй гэх батлагаа байхгүй билээ.