Урин дулаан цаг болж, сурагчдын амралт эхэлснээр хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгджээ. Эл асуудлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Х.Мөнхтөрөөс тодрууллаа.
–Хүүхдүүд нохойд хазуулж ирэх тохиолдол хэр их байна вэ?
-Сурагчдын амралт эхэлснээр бага насны хүүхдүүд нохойд хазуулах тохиолдол эрс нэмэгдсэн. Манай эмнэлэгт ойрын хугацаанд гаргасан судалгаа одоогоор алга. Ихэнхдээ 0-19 насны хүүхдүүд. Тэр дундаа 5-9 насны хүүхдүүд хамгийн их хазуулж ирж байна. Яагаад гэхээр энэ насныхан юмны учир шалтгааныг мэдэхгүй байна. Хоёрдугаарт, эцэг эхийн хараа хяналт муу байгаатай холбоотой.
–Хэд хоногийн өмнө 13 настай охин толгойдоо хазуулчихсан ирээд 2, 3 хагалгаанд орсон талаар сонссон. Хүндрэл хэр их гарч байна?
-Авч байгаа гэмтлийн хувьд нохойтой аль хэсгээрээ хүрэлцсэн байна гэдгээс шалтгаалаад өөр өөр. Толгой, хөл, нуруу гээд. Хөл юм уу, гараа хазуулсан хүүхэд хамгийн их ирдэг. Хоёр хоногийн өмнө өөрийнхөө нохойд найзтайгаа хамт хазуулсан охин ирсэн. Хазуулаад шилбэний яс нь хүртэл хугарчихсан байсан. Нохойд хазуулж ирсэн хүүхдүүдийн ихэнх нь эзэнтэй айлын нохойд хазуулсан байна. Зарим нь өөрийнхөө нохойд. Эзний хараа хяналт сул, нохойдоо хошуувч, туслах хэрэгсэл зүүгээгүйгээс хүн хаздаг.




–Манайхан нохойд хазуулахыг нээх их хүндээр тусгаж авдаггүй шүү дээ. Хүндэрвэл юу болох вэ?
-Хүмүүсийн нэг буруу хандлага нь нохойд хазуулчхаад, жаахан шалбарчихсан байна, гайгүй байх гээд эмнэлэгт ирэхгүй өнгөрчихдөг. Эмнэлгийн байгууллагад хандаагүй тохиолдолд галзуугийн халдвар авч, цааш хүндэрвэл амь насанд аюултай. Тэгэхээр нохойд хазуулсан жижигхэн шарх ч байсан хамаагүй эмнэлгийн тусламж авч, вакциндаа хамрагдах шаардлагатай.
–Хэрхэн сэргийлэх вэ?
-Бага насны хүүхдүүд энэ эзэнтэй нохой, энэ манай нохой гэж бодсон ч гэсэн сүүл, чихнээс нь татахгүй, амьтны уурыг хүргэхгүй байх хэрэгтэй. Нохой чинь амьтан шүү дээ. Мөн олуулаа явж байгаа нохойд ойртохгүй байх ёстой. Гадуур нохойгоо дагуулан явж байгаа тохиолдолд хошуувч, хүзүүвч хэрэглэх шаардлагатай. 5-9 насны хүүхдүүд нохойд их хазуулж байгаа нь гагцхүү эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй.