Mattel компани Леброн Жеймсийн хүүхэлдэй гаргана


NBA-н дөрвөн удаагийн аварга, Олимпын хошой алтан медальт, орчин үеийн спортын салбарын хамгийн нэр хүндтэй тамирчдын нэг, сагсан бөмбөгч Леброн Жеймс дахин нэг шинэ амжилтыг тогтоож, түүхэнд нэрээ үлдээхээр боллоо. Энэ удаад тэрээр хүүхдийн тоглоомын салбарт анхны гэх тодотголтой шинэ амжилтыг тогтоогоод байна.

65 жилийн түүхтэй, Барби хүүхэлдэй үйлдвэрлэгч Mattel компанийн зүгээс Леброн Жеймсийн хүүхэлдэйг худалдаанд гаргахаар болсноо зарласнаар Лос Анжелес Лейкерс багийн тоглогч Леброн Жеймс нь Кен загварын өөрийн нэрийн хүүхэлдэйтэй болсон анхны мэргэжлийн тамирчин боллоо.

Уг шинэ хүүхэлдэй нь бидний хойч үед эерэг, зөв үлгэр дуурайлал үзүүлж буй Леброн Жеймсээр хийгдсэнд бид баяртай байна хэмээн Mattel компанийн дэд ерөнхийлөгчийн орлогч Криста Бергер хэлжээ.

Леброн Жеймсийн хүүхэлдэй нь энгийн Кен загварын хүүхэлдэйнээс ойролцоогоор 3 см өндөр хийгдэх бөгөөд энэ нь түүнийг энгийн хүмүүсээс өндөр, сагсан бөмбөгч гэдгийг нь илтгэж байгаа ажээ.

Түүний хүүхэлдэй Лос Анжелес Лейкерс багийн өмсгөлтэй бус, харин урд талдаа “LJ” гэсэн нэрнийх нь эхний хоёр үсэгтэй, нэг ханцуйн дээр нь Огайо мужийн бэлгэ тэмдэг бүхий хатгамал, нөгөө ханцуйн дээр нь 23 гэсэн дугаарын хатгамалтай, ард талд нь “LeBron” хэмээн нэрийг нь бичсэн, цэнхэр цагаан өнгийн хослол бүхий бомбер хүрэмтэй, саарал шоотой өмд, хар өнгийн бүсэлхийний жижиг цүнх, хар өнгийн саравчтай малгай, хар нүдний шил болон цэнхэр өнгийн Jordan 1 загварын пүүзтэй бүтээгдсэн байна.

Түүнчлэн хүрэмний дотор талд Леброн Жеймсийн үүсгэн байгуулсан хандивын санг бэлгэдсэн “We Are Family” гэсэн бичигтэй цамцтай ба нэмэлтээр тус хүүхэлдэйнд сагсны бөмбөг, чихэвч, сольдог пүүз зэрэг дагалдах тоглоомууд ирэх ажээ.

Mattel компанийн зүгээс өмнө нь теннисчин Серена Уилльямс, Наоми Осака, хөл бөмбөгч Меган Рапиной зэрэг эмэгтэй тамирчдын Barbie загварын хүүхэлдэй гаргаж байсан бол ийнхүү анхны эрэгтэй тамирчны Ken загварын хүүхэлдэйн эзнээр Леброн Жеймс тодорлоо.

Леброн Жеймс өөрийн нэрийн хүүхэлдэйтэй болсон талаараа ярихдаа “энэ бол өөртөө итгэх итгэлийг төрүүлж, мөрөөдлөө өдөөж, хүүхдүүд ч гэсэн агуу амжилтанд хүрч чадна гэдгийг харуулж, хүүхдүүдэд үлгэр жишээ болох сайхан боломж юм” хэмээн онцолсон байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *