Украины Ерөнхийлөгч В.Зеленский лхагва гарагт Оросын талд дайтаж буй Хятадын иргэд болон Украин-Америкийн ашигт малтмалын гэрээний талаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр Оросын талд Хятадын 155 иргэн дайтаж байгааг Украины тагнуулын алба олж тогтоосныг мэдээлжээ. Өмнөх өдөр нь В.Зеленский Оросын талд дайтаж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг олзолсон талаараа мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр Хятадын иргэдийг нийгмийн сүлжээний гэх зэрэг олон төрлийн зарлалын дагуу элсүүлэн авсан гэнэ.
Украины тагнуулын албаны зүгээс танилцуулсан хятад иргэдийн жагсаалтад багтсан ихэнх хүмүүс Оросын зэвсэгт хүчний өөр өөр цэргийн ангиудад хуваарилагдаж, ихэнх нь доогуур цолтой байсан талаар CNN агентлаг мэдээлжээ.
“Тэдгээр хүмүүс ОХУ-д, Москва хотод ирж, 3-4 хоногийн хугацаанд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орж, 1-2 сарын хугацаанд цэргийн бэлтгэлд хамрагдсаны дараа Украины нутаг дэвсгэр дээр дайтаж байна” хэмээн Украины Төрийн тэргүүн хэлсэн байна.
ОХУ 2022 оны хавар Украинд халдан довтолсноос хойш Украин болон ОХУ-ын талд өөр улс орны хөлсний цэргүүд тулалдах болсон нь нууц биш юм. Зеленский Хятадын хоёр иргэнийг олзолсон тухай мягмар гаргийн мэдэгдэлдээ тэднийг биедээ Хятадын иргэний пасспорт, банкны картууд болон хувийн мэдээлэл бүхий баримт бичгүүдээ авч явсныг онцолсон бол лхагва гаргийн мэдэгдэлдээ тэднийг Украины олзны цэргүүдээр солилцоход бэлэн байгаагаа нэмж хэлсэн байна.
Хятадын иргэд Оросын талд дайтаж байгаа асуудалд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар хийхээс татгалзсан бол Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хятадын иргэд Украинд тулалдаж байгаа гэх мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд уг асуудалтай холбогдолтой Украин дахь нөхцөл байдлыг яг одоогоор судлаж байна хэмээн мэдэгджээ.
Украины Төрийн тэргүүн мөн Украины техникийн баг АНУ-ын нийслэл Вашингтонд очиж, ашигт малтмалын гэрээний асуудлаар Америкийн талтай хэлэлцээ хийх талаар лхагва гарагт мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Украины багийг тус улсын Эдийн засгийн дэд сайд Тарас Качка удирдах магадлал өндөр байгаа гэжээ.
Украин-Америкийн ашигт малтмалын гэрээний асуудлаарх ажлын түвшний уулзалтад Украины Эдийн засгийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Сангийн яамны төлөөлөгчдөөс бүрдсэн хэлэлцээний баг оролцох бөгөөд энэ сарын 11, 12-ны өдрүүдэд АНУ-д айлчлах тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байна.