Хэт холын гүйгчид Алтайн Таванбогдоос Ховд хүртэл 9 хоног гүйлээ


Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин-аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар 5000 км замыг 99 хоногт туулахаар төлөвлөн, хэт холын зайд гүйж байна. Э.Даваажамц хэт холын зайн гүйлтээр 2021 онд 46 хоногт 2127 км замыг туулж байсан туршлагатай тамирчин. Тэд Монгол Улсын хилийн хамгийн алсын цэгүүдийг Монгол орны төв цэгтэй холбон гүйхээр багаа “Таван цэг” гэж нэрлэжээ.

Хамгийн хойд захын цэг болох Хөвсгөл аймаг дахь Монголшарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймаг дахь Орвоггашууны Бортолгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт туулж, 7 дугаар сарын 10-нд барианд орохоор тооцжээ. Баруун захын цэг болох Баян-Өлгий аймаг дахь Алтайн Таванбогд уулаас зүүн захын цэг Дорнод аймаг дахь Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт туулна.

“Таван цэг” баг Алтайн Таванбогдын Сонгинотын даваанаас 4-р сарын 1-нд хэт холын гүйлтээ эхэлж, 350 км зам туулан өчигдөр Ховд аймагт ирлээ. Тэднийг Зэвсэгт хүчний жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал С.Ванчинхүү тэргүүтэй төлөөлөл, Ховд аймгийн иргэд, хүүхдүүд Галдан бошготын талбайд угтан авч, амжилт хүслээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *