Хоолны мөнгөнөөс НДШ, ХХОАТ авах уу, 13.000 хүнийг ажилтай болгох уу


Шимэгч гэдэг тодорхойлолт манай төрд яг таарна. Ажил хийсэн хүнээ, аж ахуйн нэгжээ дарамтална. Аливаа бүгдийг нь хоосолно. Байгууллага, аж ахуйн нэгжүүд ажиллагсдадаа хоол, унаа, түлээ, нүүрсний мөнгө өгдөг байлаа. Одоо байхгүй.

Төрийн байгууллагууд л одоо ажиллагсдадаа хоол, унааны мөнгө гэж өдөрт дунджаар 10 мянган төгрөг олгодог. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шиг 20 мянгыг олгодог байгууллага ч бий. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагынханд энэ оны 2 дугаар сарын 1-нээс хоолны мөнгө олгож эхэлсэн. Хөдөөгийн багш нарт 5000, Улаанбаатарын багш нарт 8000.

Хувийн хэвшлийнхэн бол тийм мөнгө олгохоо болиод удаж байна. ХХОАТ-ын тухай хуулийн 7.1.7-д хоол, унааны мөнгөнөөс орлогын татвар авахаар заасан байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий хууль, ХХОАТ-ын тухай хуульд ийм заалт орсон цагаас хувийн хэвшлийн ажиллагсад хоол, унааны мөнгө гээчийг аваагүй. Уг нь хоол, унааны мөнгөнөөс орлогын татвар, НДШ авдаггүй байхад аж ахуйн нэгжүүд хоол, унааны мөнгө өгдөг, хүмүүс түүнийг ажилд орохдоо нэг шалгуур болгодог байлаа.

Тэр үеийн УИХ, Засгийн газар иргэндээ арай ээлтэй байсан юм уу даа. Хоол, унааны мөнгө ажиллагсдадаа олгохыг дэмждэг байлаа. Хүнийг давхар ажил хийх боломж олгодог байлаа. Байнгын ажилгүй хүнээр түр ч болов ажил хийлгэхээр оролддог байлаа. Цаг хугацаа өнгөрч, төр, засаг солигдохын хэрээр дарангуйлах хүсэлтэй, шимэгчлэх сэдэлтэй хүмүүс Төрийн ордонд орж суусаар, өнөөдрийн энэ байдалд хүрэв.

Манай шимэгч төр ажилчин хүний өдрийн хоолны үнэ, автобусны мөнгөнөөс хүртэл татвар, шимтгэл авдаг болсноор хоол, унааны мөнгө гэж байхгүй болсон. Хувийн хэвшлийнхэн шимэгчлүүлэхийг хүсээгүй. Ер нь хэн ч хүсэхгүй.

Түлээ, нүүрсний хөнгөлөлт гэж бас байлаа. Одоо үүнийг аймаг, сумынхан, тэр дундаа төрийн байгууллагууд л олгож байна. Ажил хийдэг иргэд, аж ахуйн нэгжүүдээ шимэгчилж олсон мөнгөөр төр албан хаагчдаа тэжээж байна, үнэндээ. 

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, хоол унаа, түлээ, нүүрсний хөнгөлөлт, орон сууц ашиглалтын төлбөрөөс ч НДШ авдаг. Сар, улирал, жилийн үр дүнгийн урамшуулал, шагналаас ч авдаг. Үндсэн ажлын хажуугаар давхар ажил хийж авсан цалин, хөлс, олговроос ч НДШ суутгадаг. Ер нь НДШ суутгадаггүй орлого гэж алга. Хүнээс, аж ахуйн нэгжээс авч болох бүх орлогоос 13.5% НДШ суутгадаг.

Тэгвэл энэ удаад нийгмийн даатгалын цогц хуулийг шинэчлэхдээ хоол, унаа, түлээ, нүүрсний мөнгө, давхар ажил, байнгын бус орлогоос НДШ авдгийг болиулахыг ажил олгогч, иргэд хүсэж байна. Энэ хүсэлтийг УИХ-ын зарим гишүүн хүлээн авч, хууль санаачилж, зарим нь дэмжиж байна. Гэхдээ УИХ үүнийг унагачхаж мэднэ. Түлээ, нүүрс, хоол, унааны мөнгөнөөс НДШ авахаа боливол НДС-гийн орлого 300 орчим тэрбум төгрөгөөр тасрах тооцоо гарчээ. Нийтийн албанд 228 мянган хүний хоол, унааны мөнгөнөөс НДШ авахаа болиход, НДС-д сард орох мөнгөнөөс дунджаар 50 тэрбум 160 сая төгрөг дутна. 1 хүний өдрийн хоолны мөнгийг 10 мянгаар тооцоход, ийм дүн гарч байна. Түлээ, нүүрсний хөнгөлөлт, давхар ажил, тогтмол бус орлогоос авдаг НДШ болон ХХОАТ-ыг нийлүүлээд нийт 300-гаад тэрбум гэж тооцжээ. Манай төр үүгээр шалтаглан, НДШ, ХХОАТ-ын хэмжээг хэвээр нь үлдээх магадлал өндөр байгаа аж. 

Гэхдээ үүнийг нөгөө талаас нь бас харах хэрэгтэй. Хоол, унааны мөнгө, давхар болон түр ажлын цалин, хөлснөөс НДШ, ХХОАТ авахаа боливол 13 мянган хүн ажилтай болох юм байна. Хувийн хэвшлийнхний төрд шимэгчлүүлэх мөнгө багасаж, НДЕГ-ын байцаагч нарын ажлыг хөлсгүй хийх ачаалал буурвал одоогийнхоосоо олон хүн ажилд авна. Тэд ч үүнийгээ хэлдэг. Төрд өгөх мөнгөөрөө хүн ажиллуулах хэрэгтэй байгаагаа тайлбарладаг.

Халамжаар биш, ажлаар ард иргэдээ тэтгэхийг төр чухалчлах ёстой. Тэгвэл хоол, унааны мөнгө, давхар болон түр ажлын хөлснөөс татвар, шимтгэл авахаа болиход л 13 мянган ажлын байр шинээр бий болох нь. Энэ бол сайн мэдээ. Энэ олон хүн ажилтай, цалинтай болбол эргээд НДС-д НДШ суутгуулна. Засгийн газарт ХХОАТ төлнө. Өнөө алга болох гээд байгаа 300 орчим тэрбум төгрөг ийм хэлбэрээр буцаад орж ирнэ.

Энэ 13 мянган хүний төлөх НДШ-ийг хамгийн багаар тооцож үзье. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоо 792.000 төгрөг байгаа. Үүгээр тооцвол 10 тэрбум 296 сая төгрөгийн цалин авч, 1.3 тэрбум төгрөг шууд НДШ хэлбэрээр НДС-д орно.

Үүнийг УИХ, Засгийн газар сайтар тооцох хэрэгтэй. “7 хэмжиж 1 огтол” гэдэг дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *