Экспортын бүтээгдэхүүнийг олшруулж, орлогыг өсгөх төслүүдэд Хөгжлийн банкнаас зээл олгоно


Хөгжлийн банк, МҮХАҮТ хамтран Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг өнгөрсөн пүрэв гарагт зохион байгууллаа. Тус банкнаас экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд зээл олгохоо мэдэгдсэн юм. Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Бид экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, орлогыг өсгөх төслүүдэд зээл олгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлнэ” хэмээн тодотгов.

Арилжааны банкуудын хувьд гадаад худалдааны эрсдэлийн хамгаалалт байхгүй тул экспортын санхүүжилтийг бага олгож буй юм. Тэгвэл үйл ажиллагаагаа Эксим банкны зарчмаар явуулахыг зорьж байгаа Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх гадаад худалдааны санхүүжилтийн орон зайг нөхөн, экспортыг нэмэгдүүлэх зээл олгож эхэлснээр бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвар сайжрах, валютын орлого өсөх, эдийн засгийг солонгоруулах зэрэг эерэг нөлөөтэй.

УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТ НАЙМХАН ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Монгол Улс өдгөө БНХАУ, Швейцар, Европын Холбоо, БНСУ, ОХУ зэрэг цөөн орон руу бүтээгдэхүүн нийлүүлж байна. Экспортын дийлэнх буюу 92 хувь нь уул уурхай, наймхан хувь нь уул уурхайн бус бүтээгдэхүүнд ногдож байгаа дүн бий. Манай улс эрдэс баялгийн салбараас хэт их хамааралтай явж ирсэн. Хэрэв эл салбарт эрсдэл үүсвэл эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой. Өдгөө нүүрсний үнэ хямдарснаар экспортын орлого багасаад буй нь үүний нэг жишээ.

Сүүлийн жилүүдэд манай улсын уул уурхайн экспорт өсөж, уул уурхайн бус нь багассан. Иймээс Хөгжлийн банк төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, баталгаа, батлан даалт, зээл санхүүжилт, зөвлөх үйлчилгээ зэрэг арга хэрэгслээр дамжуулан уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Тодруулбал, гадаад төлбөр тооцооны өргөн сүлжээ бий болгон, төлбөр тооцооны үйлчилгээ, гадаад худалдааны харилцааг зохицуулсан, төлбөрийн болон гэрээний хэрэгжилтийн эрсдэлийг бууруулах олон төрөлт бүтээгдэхүүн нэвтрүүлж, санхүүжилтийн төрөлжсөн арга хэрэгсэл ашиглан дотоод, гадаадын банк санхүүгийн байгууллагатай хамтарсан, эрсдэл хуваасан тогтолцоонд тулгуурлан санхүүжүүлж, төслийн бойжуулалт хийх, санхүүжилтийн бэлэн байдалд бэлдэх талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь. Ингэхдээ ноолуур, сарлаг ба тэмээний ноос, сэргээгдэх эрчим хүч, мах болон сүүн бүтээгдэхүүн, арьс, шир, мэдээлэл, харилцаа холбооны технологи, аялал жуулчлал гэхчлэн салбарт уян хатан нөхцөлтэй санхүүжилт олгох аж.

Аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогыг дээшлүүлэх шаардлагатай

Үндэсний статистикийн хорооноос таван жил тутам танилцуулдаг, аж ахуйн нэгжийн 2021 оны тооллогын судалгаанд дурдсанаар экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 55.5 хувь нь 300 сая төгрөгөөс доош, 20.2 хувь нь 301 саяас нэг тэрбум, 5.4 хувь нь 1-2.4 тэрбум, 18.9 хувь нь 2.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлого олсон байна. Мөн экспортлогчдын дийлэнх буюу 76 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж. Дээрх аж ахуйн нэгжүүдийн талаас илүү нь 300 саяас бага борлуулалтын орлоготой байсныг дээрх статистикаас харж болно. Энэ бол чамлалттай тоо.

Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл 13 хувь нь дотоодын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авчээ. Зээлтэй аж ахуйн нэгжүүдийн 72 хувь нь арилжааны банк, 21 нь хувь хүнээс санхүүжилт авсан байна. Ийм нөхцөлд экспорт хийх зардал өндөр байх нь мэдээж. Үүнийг багасгаж чадвал эдийн засагт эерэг нөлөөтэй. Иймээс Хөгжлийн банкнаас мөнгөн урсгалгүй шинэ, үйл ажиллагаагаа өргөжүүлэх төсөл, хөтөлбөр болон мөнгөн урсгалтай, үйл ажиллагаа нь тогтворжсон аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа юм. Гагцхүү улсын төсвөөс болон дотоодын банк санхүүгийн байгууллагаас бие даан шууд санхүүжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрт зээл олгохгүй бөгөөд шууд, холимог, синдикат, хамтын, дамжуулан санхүүжилт гэсэн арга хэлбэр ашиглах нь. Ерөөс олон улсын жишгийн дагуу бол Эксим банк нь дотоодод үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний экспортыг дэмжих, санхүүжүүлэх, аж үйлдвэрийн өсөлтийг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг хадгалах, хамгаалах үүрэг, оролцоотой ажиллахыг зорьдог. Ингэхдээ хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, хямд эх үүсвэр татах замаар санхүүжилт олгох, өргөн цар хүрээнд ажилладаг давуу талтай.

Монголын экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын 120 гаруй төлөөлөл оролцсон дээрх хэлэлцүүлгийн үеэр оролцогчид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд үйлдвэр барья гэхээр дэмжлэггүй гацчихдаг”, “Арилжааны банкны зээлийн хүү өндөр тул авахыг төдийлөн зорьдоггүй”, “Хөнгөлөлттэй зээл олддоггүй”-г дурдаад, Хөгжлийн банкнаас санхүүжилтийг аль болох түргэн олгож эхлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. Төслийн санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтайгаас гадна төсөл хэрэгжүүлэх туршлага, эсвэл үйл ажиллагааны цар хүрээ өргөн байх гэхчлэн шаардлага тавьдаг учраас үйл ажиллагаагаа тэлэх боломж хомс байгааг хэлээд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Хөгжлийн банкнаас дэмжих боломжтой, эсэхийг сонирхож байв. Түүнчлэн тэд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг дэмжиж, эерэг хүлээлттэй байгаагаа онцолсон юм.

Тэгвэл Хөгжлийн банкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, эмэгтэй бизнес эрхлэгчид, ногоон санхүүжилтийн үйл ажиллагааг дэмжих санхүүжилт олгоно. Хэрэв ирээдүйтэй, эрсдэлээ сайн тооцсон төсөл байвал бүтээгдэхүүн экспортолсон түүхгүй байсан ч дэмжинэ, төслүүдийг бойжуулж, хэрэгжүүлж дуустал хамтран ажиллаж, үе шат бүрд нь хяналт тавина гэдгээ мэдэгдсэн юм. Тус банкныхан ийнхүү Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа эрдэс баялгийн бус салбарын экспорт, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжин, орлогыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны зохистой бүтцийг хангах, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн экспортын үр ашигтай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Б.Сонор


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *