Дэлхийн улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан өндөр тарифаа 90 хоногийн хугацаанд хойшлуулсан АНУ-ын ерөнхийлөгч импотын ухаалаг гар утас болон цахилгаан бараанд тусад нь өөр татвар ногдуулах талаараа мэдэгдсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Хил, гаалийн хамгаалах албаны зүгээс АНУ-д импортлогдон орж ирж буй ухаалаг гар утас болон бусад цахилгаан хэрэгслүүдийг “харилцан тэгш тариф”-аас чөлөөлж байгаа тухай албан ёсны мэдэгдлийг гаргасан. Үүнд гар утас, компьютер, хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашиглагддаг сэлбэг төхөөрөмжүүд багтсан байна.
Дээрх бараа бүтээгдэхүүнүүд мөн үндсэн 10 хувийн тарифын нэмэгдлээс ч мөн чөлөөлөгдөж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлсэн юм.
Тэгвэл ням гарагт Д.Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээний платформд бичихдээ “гар утас, цахилгаан барааг тарифаас чөлөөлсөн албан ёсны мэдэгдэл гараагүй, хэн ч шударга бус худалдааны тэнцлээс зайлж чадахгүй, бид хагас дамжуулагч болон цахилгаан барааны нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудлаар удахгүй хэлэлцэх болно” гэжээ.
АНУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Ховард Лутник ч мөн “харилцан тэгш тариф”-аас чөлөөлсөн импортын цахилгаан бараанд өөр төрлийн тариф ногдуулах тухай ням гарагт ABC News мэдээлийн хөтөлбөрт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Тэрээр ойрын 2 сарын дотор багтаан албажуулах импортын хагас дамжуулагчид ногдуулах тарифын бодлогод бүхий л цахилгаан барааг багтаан оруулах болно гэжээ.
Трампын өндөр хувийн тарифын бодлого Америкийн хэрэглэгчдэд нөлөөлж эхэлсэн бөгөөд ихэвчлэн Хятадаас импортлогдон орж ирдэг гар утас болон цахилгаан барааны үнийн өсөлтөөс сэргийлэх үүднээс ийнхүү АНУ-ын засаг захиргаа дээрх төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан тэгш тарифаас чөлөөлөх асуудал яригдаж эхлээд байна. Учир нь Apple гэх зэрэг дийлэнх америкчуудын хэрэглэдэг цахилгаан хэрэгслийн томоохон брэнд компаниуд бараа бүтээгдэхүүнээ Хятад улсад үйлдвэрлэдэг тул Хятадын эсрэг 145 хүртэлх хувийн импортын тарифыг ногдуулаад байгаа Трампын бодлого нь үнийн өсөлтийг бий болгож, дотоодын хэрэглэгчдэд дарамт үүсгэх эрсдэл бий болохоос ийнхүү сэргийлэх асуудлыг хэлэлцэхээр боллоо.