Ням гарагт Оросын талаас харвасан баллистик пуужингийн довтолгооны улмаас Украины зүүн хойд нутгийн Сумы хотод 34 хүн амь үрэгдсэний дотор хоёр бага насны хүүхэд багтсан талаар Украины тал мэдэгдээд байна.
Амь үрэгдэгсдийн дотор энэ жил төрсөн нялх охин багтсан талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский хэлсэн байна. Украины эрх баригчдын мэдээлснээр мөн 117 хүн бэртэж гэмтсэний 15 нь хүүхэд байсан гэжээ.
Оросын Искандер загварын хоёр баллистик пуужин орон нутгийн цагаар ням гарагийн 10:15 цагийн орчимд Сумы хотын төвд унасан бөгөөд пуужингийн цохилтод Сумы мужийн их сургууль болон тус сургуулийн харьяа эрдэм шинжилгээний хурлын танхим өртсөн байна. Тодруулбал, их сургуулийн 4 барилга, орон сууцны 5 барилга, кафе, зоогийн газар, дэлгүүрүүд гэх зэрэг 20 орчим барилга, 10 автомашин, нийтийн тээврийн трамвай пуужингийн цохилтод өртжээ.
Украины ерөнхийлөгчийн албаны дарга Андрей Ермакын хэлснээр Оросын дээрх хоёр пуужин нь дотроо кластер сум агуулж байсан буюу олон тооны хүн хөнөөх зориулалттай байсныг тодотгожээ.
Москвагийн зүгээс ням гарагийн пуужингийн довтолгооны талаар хараахан олон нийтэд мэдээлэл хийгээгүй байсаар байна.
В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны зүгээс санал болгож байгаа гал зогсоох санаачлагыг үл тоомсорлож, дайныг үргэлжлүүлсээр байгаа явдалд ОХУ-ыг буруутгаж, олон улсад хандан чимээгүй хараад суулгүй дайныг зогсоож, хүн ардын амь нас, аюулгүй байдлын төлөө ОХУ-д дарамт шахалт үзүүлэхийг уриалсан нийтлэлийг өөрийн нийгмийн сүлжээнд бичлээ.
Сумы хотод үзүүлэн пуужингийн цохилтыг мөн Франц, Их Британийн удирдагчид буруушааж, гал зогсоохын тулд Оросын эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцлов.
Гал зогсоох яриа хэлэлцээний тухайд өнгөрсөн баасан гарагт АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй Санкт-Петербург хотноо уулзсан ба тэдний уулзалт 4 цаг гаруй хугацаанд үргэлжилж, “Украины зохицуулалтын асуудал”-аар голчлон ярилцсан болохыг Кремлийн зүгээс мэдээлсэн байна. Стив Уиткофф ийнхүү энэ жил В.Путинтэй гурав дахь удаагаа уулзаад байна.