Өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхийд алдартай томоохон дуу хөгжмийн наадам болох Coachella наадмын эхний долоо хоногийн тоглолтууд болж өнгөрлөө.
2025 оны Coachella дуу хөгжмийн наадам энэ сарын 11-13 болон 18-20-ны өдрүүдэд хоёр долоо хоногийн турш зохион байгуулагдах хуваарьтай бөгөөд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас ням гарагийн хооронд эхний долоо хоногийн тоглолтууд зохион байгуулагдлаа.
Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт the Go-Go’s хамтлаг, реппер Missy Elliot, GloRilla, Yeat, ди-жи Mustard, дуучин Tyla, Benson Boone, Ravyn Lenae, BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa зэрэг уран бүтээлчид тоглож, дуучин Lady Gaga гайхалтай үзүүлбэрээрээ хаасан бол бямба гарагт Jimmy Eat World, Japanese Breakfast хамтлаг, дуучин Charlie xcx, Amelie Lens, реппер Tink, T-Pain, Travis Scott нар тайзнаа тоглож, панк рок урсгалын Green Day хамтлаг гол тайзны хэдлайнер уран бүтээлчээр оролцжээ. Харин ням гарагт реппер Shaboozey, Megan Thee Stallion, Ty Dolla $ign, дуучин Amaarae, Muni Long, BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie, ди-жи Zedd, Odd Mob зэрэг олон уран бүтээлчид уран бүтээлээ хүргэж, төв тайзны хаалтын тоглолтыг хэдлайнер уран бүтээлч Post Malone тавиад байна.






АНУ-ын Калифорни мужийн Палм Спрингс хотын ойролцоох элсэн цөлд зохион байгуулагддаг Coachella дуу хөгжмийн наадам энэ жил 26 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний долоо хоногийн тоглолтуудыг мөн жүжигчин Кейт Хадсон, Аня Тэйлор Жой, Патрик Шварценеггер, Тимоти Шаламе, Жулиа Фокс, реппер Cardi B, телевизийн од Кайли Женнер, дуучин Жастин Бибер, түүний эхнэр Хэйли Бибер гэх зэрэг олон алдартнууд үзэж сонирхсон байна.
Энэ долоо хоногийн баасан гарагаас ням гарагийн хооронд зохиогдох 2025 оны Coachella наадмын хоёр дахь долоо хоногт мөн өмнөх долоо хоногт тоглосон уран бүтээлчид дахин тоглох бөгөөд тус наадмын албан ёсны Youtube сувгаас Quasar, Yuma, Sahara, Mohave, Gobi, Sonora зэрэг туслах тайзууд болон гол тайзны тоглолтуудыг шууд хүлээн авч үзэх боломжтой.