Монгол Улсад Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүд хууль санаачилж, парламентаар батлуулах эрх, үүрэгтэй гол субъектүүд. Хэрэв иргэн хуулийн төсөл боловсруулах санал, санаачилга гаргавал тойргоосоо сонгогдсон их хурлын гишүүдэд хандаж, төслөө судлуулж зүтгүүлэх бололцоо нь нээлттэй. Гэхдээ иргэдийн санаачилга бүрийг УИХ-ын гишүүд хүлээн авч, хууль болгоно гэдэг мэдээж бүтэшгүй зүйл.
Харин 2 жилийн өмнөөс D-Парламент цахим системээр дамжуулж, иргэд хууль санаачлах эрх нээгдсэн билээ. Нийтийн цахим өргөдлийн системд байршуулсан иргэний өргөдлийг хэрэв 100 мянган хүн дэмжвэл УИХ тухайн өргөдлийг хэлэлцэх учиртай. Гэхдээ батлах болон дэмжих албагүй. Иргэдэд олгосон энэ боломжийг нээгдсэн цагаас нь олон иргэн ашиглаж, олон 100 өргөдлийг D-Парламент цахим системд байршуулснаас өнөөдөр 2 нь чуулганы босго давж, анх удаа хэлэлцүүлгийн хуваарьт багтаад байна. 1 нь ХХОАТ-ын 10 хувийг бууруулж, 1 хувь болгох иргэний хүсэлт бол нөгөө нь нийслэлийн тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах агуулга бүхий өргөдөл. Аль алийг нь чиг үүргийн дагуу хариуцсан байнгын хороо, ажлын хэсгээр хэлэлцүүлж, хуульчлах шаардлагатай үгүйд санал дүгнэлт боловсруулж, чуулганд танилцуулах учиртай.
D-Парламент цахим системд хүссэн хүн бүр өргөдөл гаргах эрх нь нээлттэй. Гаргасан өргөдөл нь системд 30 хоног байрших бөгөөд энэ хугацаанд хүмүүс “И-Монголиа” дахь албан ёсны бүртгэлээсээ дэмжих боломжтой. Хэрэв 30 хоногийн хугацаандаа 100 мянган иргэний санал авч чадвал парламент тухайн өргөдлийг хэлэлцэх учиртайг дээр дурдсан.
Уг нь энэ шалгуурыг давсан нь хоёрхон биш. Илүү олон өргөдөл уг шалгуурыг хангасан байлаа. Үүнийг анзаарамгүй өнгөрөөх аргагүй. Одоогийн байдлаар D-Парламент нийтийн өргөдлийн системд 40 гаруй өргөдөл байршиж, иргэдээс саналаа цуглуулсаар байна. Үүнээс өмнө тус системд 2 жил хүрэхгүй хугацаанд хэдэн зуун өргөдөл гаргаж, олон мянган иргэний санал цугларснаас цөөнгүй хэд нь 100 мянган иргэний санал авч, чуулганы босгыг давах хэмжээнд хүрсэн байдаг. Гэвч тодорхойгүй шалтгаанаар УИХ тэдгээр цахим өргөдлийг хэлэлцүүлэлгүй орхисон байгаа юм. Тодруулбал НДШ, ХХОАТ-ыг 50 хүртэлх хувиар бууруулах, цалинтай ээжийн 50 мянгыг нэмэгдүүлье, НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувьд хүргэе, “Утааны сонсгол хийе”, “Газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхийг эсэргүүцье” гэх зэрэг 8 өргөдөл тус бүртээ 100 мянгаас олон хүний гарын үсэг цуглуулсан боловч их хурлаар хэлэлцүүлээгүй билээ.
Хамгийн сонирхолтой нь D-Парламент цахим системийг анх ашиглалтад оруулах үед тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгоё гэдэг санаачилга гаргаж, иргэдээс санал цуглуулж, тэр нь 105 646 хүний санал цуглуулсан байдаг. Гэвч парламентын дарга нь өөрийнхөө гаргасан өргөдлийг ч их хурлаар хэлэлцүүлээгүй хаясан нь D-Парламент цахим системийг зөвхөн сонгуулийнхаа шоу болгосон уу гэдэг асуултыг дагуулна.
D-Парламент нийтийн өргөдлийн системд иргэд итгэл тээн, хэдэн зуун өргөдлийг албан ёсны хаягаасаа гаргаж, түүнийг нь иргэд дэмжиж, гарын үсгээрээ нэгдсээр л байна. Гэвч олны итгэл найдвар тээсэн энэ системд орсон өргөдлүүд ямар шалгуураар парламентын босго давж байгаа нь ойлгомжгүй. Парламентын даргын үзэмжээр шийдэгдэж байна уу гэх хардлага үүсгээд байгаа юм.
Энд бас 1 анхаарал татаж байгаа зүйл нь нийтийн өргөдлийн системд байршсан 3 санал тутмын 2 нь татвар, шимтгэл бууруулах, мөнгөн тэтгэмж нэмэгдүүлэхэд чиглэж байгааг харж болно.
Тодруулбал НДШ бууруулах, автомашины татварын нэмэгдлийг цуцлах, цалинтай ээжийн 50 мянгыг өсгөх гээд дурдвал 100 давсан олон өргөдлөөс иргэд юу хүсэж байгааг харж болно. Иргэд D-Парламент цахим системд амьжиргааных нь зардал хүрэхгүй байгаатай холбоотойгоор өргөдөл санаачилж, бусдынхаа дэмжлэгийг хүсэж, хууль тогтоогчдыг үүнд нь анхаарах болов уу гэж горьдсоор байна. Энэ горьдлогын ядаж 2 нь чуулганы босгоор алхсан нь иргэдэд итгэлийн гал асааж эхэлсэн нь гарцаагүй. Гэвч хэлэлцүүлсэн болоод шийдвэрт хүртэл нь дэмжихгүй хаях эрсдэл байхыг үгүйсгэх аргагүй. Иргэд уйдсандаа эсвэл бусдын бодлыг сонсох гэж D-Парламент цахим системд өргөдөл гаргаж, бусдын дэмжлэгийг хүсээгүй нь лавтай.
Юу хүсэж, яаж амьдарч байгаагаа ойлгуулах гэж, гар дээрх 5 цаасаа илүү хүртээмжтэй болгох гэж нийтийн өргөдөл санаачилж, дуу хоолойгоо төрд хүргэх найдвар тээсээр байгааг 126 гишүүнтэй парламент чухам ухаж ойлгож байгаа болов уу?