АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын эрүүл мэнд “маш сайн” байгаа талаар Цагаан ордон дахь түүний эмч мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн бие физиологи, сэтгэцийн эрүүл мэнд маш сайн байгаа ба төрийн тэргүүн болон зэвсэгт хүчний ерөнхий коммандлагчийн үүргээ 100 хувь бүрэн гүйцэтгэх чадвартай хэмээн түүний эмч, ахмад Шон Барбабелла мэдэгдэлдээ тодотгожээ.
Мэдэгдэлд “Ерөнхийлөгч Трампын эрүүл мэндийн байдал маш сайн хэвээр байгаа бөгөөд зүрх, уушиг, мэдрэл, биеийн ерөнхий үйл ажиллагаа сайн байна” гэжээ.
Д.Трампын өндөр 189 см, жин 101 кг байсан бөгөөд хүний биеийн жингийн индексээр (BMI) тэрээр өнөөгийн байдлаар бага зэргийн илүүдэлтэй жинтэй гэсэн ангилалд багтаж байгаа талаар түүний эмч Шон Барбабелла мэдээлсэн байна. Эмч мөн ерөнхийлөгчийн үе мөч, булчингийн ажиллагаа маш сайн, гольфийн тэмцээн уралдаанд орж, үргэлж түрүүлдэг, амьдралын идэвхитэй хэв маягтай учраас эрүүл мэндийн байдал нь маш сайн байна гэжээ.
АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааны анхны эрүүл мэндийн үзлэгт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт орсон бөгөөд нийслэл Вашингтон хотын ойролцоох Мэрилэнд мужийн Бетесда хотын Уолтер Рийдийн эмнэлэгт явагдсан үзлэг 5 цаг орчим үргэлжилсэн байна.
Үзлэгийн үеэр Трампаас хэд хэдэн цусны шинжилгээ, зүрхний бичлэг болон бусад төрлийн шинжилгээнүүдийг авсан талаар түүний эмч ням гарагт танилцуулсан мэдэгдэлдээ дурьдсан байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчөөс сэтгэцийн байдал, мэдрэл, хөдөлгөөний болон мэдрэхүйн үйл ажиллагаа, рефлексийн шинжилгээ авсан бөгөөд сэтгэлийн хямрал, түгшүүрийн шинж тэмдэг илрээгүй, харин бага зэрэг наранд түлэгдэж, арьсны цөөн хоргүй гэмтэл авсан гэжээ.
Мөн ерөнхийлөгчийг холестеролын хэмжээгээ хянахын тулд Розувастатин, Эзетимибе зэрэг эм бэлдмэл, зүрхэндээ Аспирин ууж хэрэглэж, арьсандаа Мометазон тосон түрхлэг хэрэглэдэг, өмнө нь ковид тусч байсан талаар дурьдсан байна.
Д.Трампын хувьд ерөнхийлөгчөөр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаандаа эрүүл мэндийн байдал нь мөн сайн байсан ч Цагаан ордны эмч түүнийг дасгал хөдөлгөөн хийж, жин хасах шаардлагатай гэж байсан юм. Харин энэ удаад хэдийгээр түүний биеийн байдал маш сайн байгаа ч эмч нар түүнд эрүүл мэндээ улам сайжруулахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх “бяцхан” зөвлөгөө өгснийг Д.Трамп хэлсэн байна.
Өнгөрсөн 1-р сард тангараг өргөж, ерөнхийлөгчийн албаа хүлээж авахдаа 78 настай байсан Д.Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр насандаа төрийн тэргүүн болсон хүнээр тодорсон билээ.