Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн, ул суурийг нь цэвэрлэжээ. Үүнд нийслэлийн иргэд талархалтай хандав. Гэвч нэг өрх дунджаар дөрвөн ам бүлтэй гэж үзвэл 2580 хүний амьжиргаа баталгаагүй буюу 645 өрхийн орлого шууд тасрах нөхцөл үүслээ.
Иймд ТҮЦ эрхлэгчдэд нийслэлээс ямар санал тавьсан талаар тодруулахад “ТҮЦ эрхлэгчдэд худалдааны төвд лангуу түрээслэн ажиллах санал тавьсан. Лангууны түрээсийн төлбөрийг худалдааны төвүүдээс нийгмийн хариуцлагын хүрээнд гаргах боломжтой, эсэх талаар ярилцана. Бид олон арга, төрлөөр судалж бaйна. Хотын төсөвт дарамт үүсгэлгүйгээр, 645 хүний ажлын байрыг хадгалах байдлаар шийдэхийг зорьж байна.
Мөн ТҮЦ эрхлэгчдэд хотын төвийн гол гудамж, зам, талбайгаас бусад байршилд буюу нийт 20 байршилд газар, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад ажиллуулах санал тавьсан” гэв.
Хотын өнгө үзэмж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой ч нөгөө талд ажлын байр зайлшгүй хөндөгдөж байгаа тул ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлснээс хойш нийслэлийн ЗДТГ-ын дарга ТҮЦ-ийнхэнтэй гурван удаа уулзжээ.