“Шинэ Мөрөн” худалдааны төв өнгөрсөн шөнө шатлаа


Хөвсгөл аймгийн Мөрөн сум Элст 7 дугаар багт орших “Шинэ Мөрөн” ХХК-ийн худалдааны төвд өнгөрсөн шөнө гал түймэр гарлаа. Энэ тухай дуудлагыг гал сөнөөгчид 2025.04.14-ний 21:34 цагт хүлээн авсан байна. Уг дуудлагаар Онцгой байдлын газар, “Хөвсгөл-Ус суваг” ХХК-ийн албан хаагчид очиж, галын тархалтыг зогсоож, өнөө өглөө бүрэн унтраав.

Тус захад талбай түрээсэлдэг зарим аж ахуйн нэгж, иргэдийн бараа материалыг аюулгүй зай талбайд зөөн байрлуулжээ. Цагдаагийн газрын албан хаагчид энэ үеэр хамгаалалтын үүрэг гүйцэтгэжээ.

Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс өнөө өглөө шуурхай хуралдлаа. Засаг дарга Л.Төмөрбаатар галын аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад харамсаж байгаагаа илэрхийлээд, түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулан байгууллаа.

Тус төвд 260 гаруй иргэн түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас борлуулж байжээ. Энэ худалдааны төв 73х43 метр хэмжээтэй, 2 давхар, сэндвичээр хийсэн аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *