Хөвсгөлд гарсан галын шалтгаан нөхцлийг судалж байна


 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст 7 дугаар баг “Шинэ Мөрөн”  худалдааны төвд гал түймэр гарсан тухай дуудлага  өчигдөр оройн 21 цаг 34 минутад Хөвсгөл аймгийн ОБГ-т ирсэн байна. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан байна. Тухайн газарт Онцгой байдлын газрын 52 алба хаагч 6 техник хэрэгсэлтэй галыг унтраахаар ажилласан байна. Цагдаагийн газрын 72 албан хаагч хамгаалалтын үүрэг гүйцэтгэн,  Хөвсгөл Ус суваг компанийн алба хаагчид ус зөөвөрлөж оролцжээ.

ОБГ-ын алба хаагчид тухайн барилгын нэг давхраас зарим аж ахуйн нэгж, иргэдийн бараа материалыг аюулгүй зай талбайд зөөн байрлуулсан байна. “Шинэ Мөрөн” худалдааны төв нь 73х43 метрийн хэмжээтэй, 2 давхар, сэндвичин хийц бүтэцтэй барилга юм. Тус төвд 260 гаруй иргэн түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлдэг байжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *