Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.04.15/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд болж байна. Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Энэ хэргийн талаар тухайн үед прокурорын байгууллагаас тодруулахад, прокурор гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн байгууллагаар шалгадаг. Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай байгууллагаас арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэдэг хариултыг өгч байсан юм.
Тэрбээр өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан билээ.