“Дэлхийн цирк Монголд” тоглолтын ерөнхий продюсер Н.Эрдэнэ: Азид огт тоглож байгаагүй дэлхийн номер 1 алиалагч Монголын тайзнаа гарч байгаа нь нэр төрийн хэрэг


 “Дэлхийн цирк Монголд” тоглолтын ерөнхий продюсер Н.Эрдэнэтэй ярилцаж энэ удаагийн тоглолтын онцлог даваа талыг тодрууллаа.

-Энэ хаврын “Дэлхийн цирк Монголд” тоглолтын онцлог давуу тал юу байгаа вэ?

-Дэлхийн циркийн тоглолтыг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Тоглолт бүр өөр өөр номертой. Дахин давтагдашгүй болдгоороо онцлогтой. 15-16 орны тамирчдыг багтаасан үзүүлбэртэй гэр бүлээрээ үзэж болох урлагийн тоглолт тэр бүр ховор шүү.Эдгээр бүх номерууд дэлхийн циркийн шилдэг шагналуудыг хүртсэн үзүүлбэрүүд шүү дээ. Бид дэлхийд цаашлаад Ази тивд соёлоороо хаана явна вэ? Манай тоглолтын алиалагч Дэвид Ларибли Монгол улсад анх удаа төдийгүй Ази тивд анх удаа ирж байна. Бид Азийн бусад улсад огт тоглож байгаагүй дэлхийн шилдэг алиалагчийн тоглолтыг эх орондоо үзэх боломж олдож байгаагаар бахархах хэрэгтэй. Дэлхийн шилдэг алиалагч Монголын циркийн тайзнаа тоглох гэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг.

 -Тавцан дээр үсрээд байгаа акробатчидыг харах нээ бүгд эмэгтэй тамирчид байна лээ? Энэ үзүүлбэрийг ихэвчлэн эрэгтэй жүжигчид хийж харагддаг?

-ОХУ-ын Большой циркийн тамирчид л даа. 9 эмэгтэй тамирчин бий. Дэлхий дээр зөвхөн эрэгтэй жүжигчид хийдэг маш эрсдэлтэй үзүүлбэрийн төрөл. Харин бидний тоглолтод эмэгтэй циркчид үзүүлэх гэж байгаа нь бусад улсад тоглогдож байгаагүй цоо шинэ түүхийг бүтээж байна. Маш эрсдэлтэй үзүүлбэр. 1,5 метр урт бүхий төмөр хөлтэйгөөр агаарт акробат үзүүлнэ гэдэг үзэгчдийг дуу алдуулсан номер болж байгааг онцлох хэрэгтэй.

-Монголчууд цирк үздэг дадалтай байсан гэхэд хилсдэхгүй. Социализмын үед бүгдээрээ л гэр бүлээрээ цирк үздэг байлаа. Харин бид цирк үздэг энэ соёлоо мартчихсан юм шиг санагдах юм. Цирк хүнд ер хэр өгөөжтэй урлагийн төрөл вэ?

-Циркийн урлагийн хамгийн гоё нь зөвхөн амьд тоглолтууд болдог. Үзэгчид амьдаар үзэж байж циркийг мэдэрдэг онцлогтой. Циркийн зааланд сууж байгаа үзэгч л циркийн номеруудын хүнд хэцүүг, эрсдэлийг мэдрэх бололцоотой. Утасны цаанаас циркийн тоглолтыг мэдрэх бололцоогүй шүү дээ. Компьютерын цаанаас дэлхийн номер 1 алиалагчийн уран чадвар мэдрэгдэхгүй. Мото экстрийм шоуг ч бодитойгоор харж байж л мэдрэх бололцоотой. Циркийг бодитойгоор яг зааланд нь үзэж байж л уулга алдана. Өөрийн эрхгүй уулга алдах тэр мэдрэмж гэдэг давтагдашгүй шүү дээ. Циркийн бас 1 чухал онцлог бол гэр бүлийн бүх гишүүд нас харгалзахгүйгээр хамтдаа үзэх бололцоотой цорын ганц урлагийн төрөл бараг цирк байх. Эмээ өвөө, ээж аав, хүүхэд багачууд хамтдаа суугаад дуу алдан үзэж болох тоглолтууд циркт л байдаг. Циркийн тамирчнаас “Та манежинд байхдаа юу мэдэрдэг вэ? гэж асуухад тойрон сууж байгаа үзэгчдийн халуун алга ташилтаас урам авч огшсоор үзүүлбэрээ үзүүлдэг” гэж хариулсан байна лээ. Энэ үнэхээр үнэн шүү. Циркийн жүжигчдэд зориулж байгаа тэр алга ташилтууд 1 гэр бүлийн 3 үеийн төлөөллөөс зэрэг гардаг. Олон улсын тоглолт болж байна. 15 орны тамирчид оролцож байгаа. Бүгд өөр өөр хэлээр ярьдаг. Хэрвээ бид кино жүжиг, эсвэл дуурь үзсэн ч хэлний асуудал бэрхшээл үүсгэдэг. Англи эсвэл Герман хэлээр тоглогдож байгаа бол тэр урлагийг бүрэн ойлгоход асуудалтай шүү дээ. Тэгвэл циркт хэлний шалгуур хэзээ ч саад болдоггүй. Насны хязгааргүй, хэлний шалгуургүйгээр үзэгчдийг байлдан дагуулдаг урлагийн төрөл бол цирк.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье !

-Баярлалаа. Манай цирк 5-р сарын 13 хүртэл амралтын өдрүүдэд тоглогдоно. Дэлхийн циркийн шилдэг номеруудыг багтаасан манай тоглолтыг алдалгүй үзээрэй гэж үзэгчдэдээ захья.

-Баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *