Кени улсад 14 настай охин арсланд бариулжээ


Африкийн Кени улсын нийслэл Найроби хотын захад 14 настай охин арсланд бариулж, амиа алдсан талаар тус улсын Зэрлэг байгаль хамгаалах алба мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр охиныг Найроби-гийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох эдлэн газар бүхий суурьшлын бүсээс арслан аваад зугтсан байна. Үүнийг харсан нэг хүүхэд энэ тухай бусдад мэдэгдсэний дараа Байгаль хамгаалах албаны ажилтнууд Мбагати голын дагуу арслангийн мөрийг мөшгиж явсаар арсланд бариулсан сурагч охины цогцсыг олсон байна.

Охиныг барьсан арслан олдоогүй ч Байгаль хамгаалах албаны ажилтнууд урхи тавьж, арсланг мөшгиж барих тусгай баг гаргахын сацуу мөн тухайн хэсэгт болзошгүй довтолгооноос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Найробигийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэл хотын төвөөс ердөө 10 км-т байрладаг. Тус дархан цаазат газарт арслан, ирвэс, үчимбэр, анааш, бух зэрэг зэрлэг амьтад амьдардаг байна. Тус цэцэрлэгт хүрээлэн амьтдад нүүдэллэх боломж олгох үүднээс өмнөд хэсгээрээ нээлттэй, харин бусад хэсгээрээ торон хашаатай ажээ. Хэдийгээр арслан мал, амьтан руу дайрдаг ч хүн рүү дайрах нь ховор байдаг байна.

Энэ харамсалтай хэрэг явдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ, зэрлэг амьтдын нүүдлийн ажиглалт судалгаа, зэрлэг амьтдаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дохиоллын систем, хашаа хайс, гэрэлтүүлэг зэрэг хамгаалалтаа чангатгах арга хэмжээ авах шаардлагатай байгааг байгаль хамгааллын мэргэжилтнүүд тодотгоод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *