“Google” компанийг цахим сурталчилгааны салбарт монополь тогтоосон хэрэгт буруутай гэж үзжээ


АНУ-ын Хуульзүйн департамент болон тус улсын 17 мужийн “Google” компанийн эсрэг мэдүүлсэн гомдлыг шүүх шийдвэрлэлээ. Тус улсын тойргийн шүүгч Леони Бринкема “Google” компанийг цахим сурталчилгааны салбарт шударга өрсөлдөөний хэд хэдэн хуулийг зөрчиж, дангаараа монополь тогтоосон хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Тус компанийг цахим орчинд ямар зар сурталчилгааг хаана тавьж байршуулах вэ гэдгийг өөрийн технологийн давуу байдлыг ашиглан дангаараа шийддэг хэмээн буруутгажээ. Ийнхүү “Google” компани энэ жил хоёр дахь удаагаа монополийн эсрэг хэргээр буруудлаа. Үүний өмнө тус компанийг цахим орчин дахь хайлтын салбарт монополь тогтоосон хэрэгт буруутай гэж үзсэн билээ.

“Google” компани энэ шийдвэрийн эсрэг давж заалдахаа мэдэгдсэн байна. “Манай технологийн үйлчилгээ амар хялбар, боломжийн үнэтэй, үр дүнтэй байдаг учраас л компаниуд олон сонголтоос манайхыг сонгож, зар сурталчилгаагаа өгдөг. Шүүхийн энэхүү шийдвэр манай үйлчлүүлэгчдийн эрхэнд халдаж, тэдэнд хохирол учруулсан шийдвэр байлаа. Бид давж заалдах болно” хэмээн “Google” компанийн зохицуулалтын асуудал хариуцсан дарга Ли-Энн Малхолланд мэдэгджээ.

Шүүхийн энэхүү шийдвэр нь АНУ-ын шударга өрсөлдөөн, монополийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэгчдийг хувьд томоохон ялалт болсныг зарим мэргэжилтнүүд онцолж байгаа бол “Google” компанийн өмгөөлөгчид энэ хэрэг дээр тус компанийн өнгөрсөн үйл ажиллагаанууд дээр хэт голчилж ажилласнаас гадна цахим сурталчилгааны салбарт өндөр хувь эзэлдэг “Amazon” гэх зэрэг бусад томоохон компанийн үйл ажиллагааг үл ойшоож, зөвхөн “Google” компанийг онилсон шинжтэй шүүх хурал явуулсан хэмээн прокуроруудыг буруутгасан байр сууриа илэрхийлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *