Өнгөрсөн жил East-West буюу урт, хэвтээ хэлбэртэй цүнх загварын ертөнцөд давамгайлж байсан бол энэ жил бид винтеж хэв маягтай атлаа минимал дизайнтай barrel буюу цилиндр хэлбэрийн цүнхээр гоёх болно. Цилиндр цүнх анх 1990-ээд оны сүүлчээр тренд болж байсан бол энэ оны хавар-зуны улиралд эргэн дизайнеруудын анхааралд өртжээ.
Тухайлбал, Proenza Schouler, Bottega Veneta, Chloé, Jil Sander, Louis Vuitton тэргүүтэй загварын ордны шинэ улирлын цуглуулгад ийм цүнх багтсан байна. Мөн тус цүнхийг төрөл бүрээр загварчилсан хувилбарууд street style дуранд өртжээ.



Энгийн хэр нь сэтгэл татам, яг хэрэгтэй бүхнийг багтаах хэмжээтэй, хэлбэр ба хэрэгцээний төгс хослол гэж тодорхойлж болох энэхүү цүнхийг загварчлахад тун хялбар. Учир нь цилиндр загварын цүнхийг чухал арга хэмжээнд, өдөр тутамд, оффист гээд ямар ч нөхцөлд үүрэх боломжтой. Хувцаслалтад өвөрмөц хэлбэрээрээ шик өнгө аяс нэмж өгдөг онцлогтой. Алдартнуудаас Хейли Бибер, Белла Хадид, Наоми Кэмпбелл нар тус загварын цүнхээр гангарах дуртай. Тиймээс тэдний бүрдүүлсэн төрхөөс санаа авч болох юм.



Эх сурвалж: Buro Mongolia