Ромын пап Францисыг оршуулах ёслолд Дэлхийн удирдагчид оролцоно


Зүрхний шигдээсээр 88 насандаа таалал төгссөн Ромын пап Францисыг оршуулах ёслолыг бямба гарагт Гэгээн Петрийн талбайд зохион байгуулахаар болсныг Ватикан албан ёсоор мэдэгдлээ. Католик шашны тэргүүн агсанг эцсийн замд нь үдэх ёслолд олон мянган шүтлэгтэн оролцохоос гадна Дэлхийн удирдагчид ирж, Ромын паптай салах ёс хийхээр болоод байна. 

Тодруулбал: АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Уэльсийн хунтайж Уилльям, Испанийн эзэн хаан VI Фелипе хатан Летициагийн хамт, ЕХ-ны комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд Жиоржиа Мелони, Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Миллей, Бразилын Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Сильва, Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда зэрэг олон удирдагч оршуулах ёслолд оролцохоор болжээ. Уг оршуулгад 250 мянга орчим хүн оролцоно гэсэн тоо байгаа юм.

Лхагва гаргийн өглөө Ромын пап Францисын шарилыг Гэгээн Петрийн сүмд байрлууллаа. Түүнтэй салах ёс хийх боломж баасан гаргийг дуустал олон нийтэд нээлттэй. Шүтлэгтэн олон орон нутгийн цагаар лхагва гаргийн 11:00-00:00 цагийн хооронд, пүрэв гарагт 07:00-00:00 цагийн хооронд, баасан гарагт 07:00-19:00 цагийн хооронд Ромын пап Францистай салах ёс хийх боломжтой ажээ. 

Талийгаачийн хүсэлтийн дагуу түүний шарилыг индэр дээр өндөрт байрлуулахгүй. Мөн тэрээр мөнх бусыг үзүүлсэн папуудыг Гэгээн Петрийн сүмд гантиг бунханд гурвалсан авсанд оршуулдаг уламжлалыг эвдэж, Гэгээн Мэри Майорын сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Тэр тогтсон уламжлалыг нас барсныхаа дараа хүртэл эвдсэн папаар тодроод байна. Тэрээр гэрээслэлдээ “Элдэв гоёл чимэглэлгүй энгийн авсанд, газар шороонд оршуулаарай” хэмээн хүссэнээс гадна булшны чулуун дээр “Franciscus” хэмээх өөрийн хамба ламын нэрээ латинаар бичүүлэхийг хүссэн байна. 

Ромын пап Францисыг оршуулах ёслол орон нутгийн цагаар бямба гаргийн 10:00 цагт Ватиканы Гэгээн Петрийн сүмийн урд болно. Католик шашны тэргүүнүүд Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж оролцоно. Оршуулах ёслолыг Кардиналуудын коллежийн тэргүүн, Кардинал Жиованни Баттиста Ре удирдахаар болжээ. Ёслолын дараагаар Ромын папын шарилыг оршоох Гэгээн Мэри Майорын сүмд хүргэснээр “Novemdiales” гэгдэх гашуудлын 9 хоног эхлэх ажээ. 

Ромын папыг оршуулсны дараагаар католик шашны кардиналууд чуулж, 15-20 хоногийн дотор нууц санал хураалтаар дараагийн папыг тодруулна. Энэ удаа Африкийн бүс нутгаас анх удаа пап тодрох магадлалтай байгаа талаар хэвлэлүүдэд бичиж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *