Дани, Германыг усан доогуур авто болон төмөр замаар холбож байна


Дани улсыг Герман улстай холбох зориулалттай Балтийн тэнгисийн доогуур авто болон төмөр замын туннель барих ажил үргэлжилж байгаа талаар Европын хэвлэлүүд онцолж байна. Нийт 18 км урт үргэлжлэх “Fehmarnbelt” хэмээх энэхүү усан доогуурх туннель Дэлхийн хамгийн урт угсармал туннель бөгөөд барьж дууссаны дараа Скандинавын хойгоос Европын бусад улс руу зорчих аяллын хугацааг богиносгох давуу талтай ажээ.

Уг төслийн гол бүтээн байгуулалтын нэг болох туннелийн хойд гарцын барилгын ажил Дани улсын зүүн өмнөд хэсгийн Лолланд арлын эргийн дагуу явагдаж байна. Энэхүү барилга байгууламж нь 500 га газарт баригдаж байгаа бөгөөд зөвхөн авто болон төмөр замын гарцаас гадна боомт байгуулагдах ажээ.

Нийт 7.4 тэрбум еврогийн өртөг бүхий туннелийн барилгын ажлыг Дани улсын төрийн өмчит “Femern” компани гүйцэтгэж байгаа. Дийлэнх санхүүжилтийг нь Дани улсын Засгийн газар гаргаж байгаа бол 1.3 тэрбум еврогийн санхүүжилтийг Европын Комиссоос гаргаж байгаа гэнэ.

“Fehmarnbelt” туннель баригдаж дууссаны дараа Данийн өмнөд хэсгийн Рөдбихавн болон Германы хойд хэсгийн Путтгартен хотын хооронд галт тэргээр ердөө 7-хон минут, машинаар 10 минут давхиад орох боломжтой болох юм. Мөн Копенгагенаас Хамбург хот руу галт тэргээр 5 цаг зорчдог. Энэ аяллыг 2 цаг 30 минут болгон богиносгох юм байна.

Төлөвлөгөөний дагуу “Fehmarnbelt” туннель 2029 онд нээгдэх бөгөөд өдөрт дунджаар 100 гаруй галт тэрэг, 12 мянган автомашин зорчино гэсэн тооцоо гарчээ. Зөвхөн аяллын хугацааг богиносгоод зогсохгүй мөн ажлын байрыг нэмэгдүүлж, Дани улсын хамгийн сул эдийн засагтай Лолланд арлыг аялал жуулчлал, бизнесийн салбаруудаар дэмжих зэрэг давуу талтай болохыг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *