Хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар бүтсэн кино Оскарын гол шагналуудыг хүртэх боломжтой хэмээн тус шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагч Америкийн кино академи мэдэгдсэн байна. Академи даваа гарагт шинэ дүрэм журмаа танилцуулах үеэрээ хиймэл оюун ухааны технологи болон бусад дижитал хэрэгсэл ашиглан бүтээсэн уран бүтээлүүд Оскарын шагналд нэр дэвших боломжтой гэжээ.
Хиймэл оюун ухааны технологитой холбогдуулан шинэчлээд буй дүрэм журмыг боловсруулахад Кино академийн харьяа Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг ашигласан байна.
Өнгөрсөн сард зохион байгуулагдсан 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд хиймэл оюун ухааны технологийг хэсэгчлэн ашигласан зарим кино шагнал хүртсэн. Жишээ дурдахад, энэ жил “The Brutalist” киноны дүрээрээ шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн жүжигчин Эдриен Бродигийн унгар аялга бүхий хэллэгийг хиймэл оюун ухааны технологиор бүтээсэн бол “Emilia Perez” кинон дээрх жүжигчдийн дуулалтыг улам хүчтэй болгохын тулд хиймэл оюун ухааны дуу хоолой хувилах технологи ашигласан байна.
Ийнхүү Америкийн кино академи кино уран бүтээлд хиймэл оюуны технологи ашиглах явдлыг үндсэндээ зөвшөөрч байгаа ч технологийн энэхүү дэвшил маргаантай сэдэв хэвээрээ байгаа юм. Холливудын жүжигчид, кино зохиолчид өөрсдийн ажлын байрыг хиймэл оюуны технологид алдахаас сэргийлж, 2023 онд томоохон ажил хаялт зарлаж байсан удаатай билээ. Ажлын байраа алдахаас гадна мөн жүжигчдийн дүр төрхийг буруугаар ашиглах аюул, эрсдэл бий гэдгийг ч анхааруулж байсан юм.
Гэхдээ Америкийн кино академи Оскарын шагналтнуудыг тодруулахад тухайн уран бүтээл дэх хүний оролцоог илүүд үзнэ гэдгээ давхар мэдэгдсэн байна.