Канадын парламентын сонгуулийн эрт санал хураалтад 7.3 сая сонгогч оролцжээ


Энэ сарын 28-ны өдөр явагдахаар болсон Канад улсын парламентын ээлжит бус сонгуулийн эрт санал хураалт өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас энэ долоо хоногийн даваа гаргийг дуустал дөрвөн өдөр үргэлжиллээ. Улаан өндөгний баярын олон өдөр үргэлжилсэн урт амралтыг тохиолдуулан зохион байгуулсан эрт санал хураалтад нийт 7.3 сая хүн оролцож, саналаа өгснөөр шинэ дээд амжилт тогтоогоод байгааг тус улсын Сонгуулийн хороо мэдэгдээд байна.

Энэ нь тус улсын сонгуулийн насны иргэдийн 25 орчим хувь юм байна. Мөн өмнөх 2021 оны парламентын сонгуулийн эрт санал хураалтын ирцийг 25 хувиар ахиулсан үзүүлэлт болжээ. Зөвхөн өнгөрсөн баасан гарагт буюу эрт санал хураалтын эхний өдөр л гэхэд 2 сая хүн саналаа өгсөн бөгөөд санал авах байруудад урт дараалал үүсэж байсан талаар албаныхан онцолжээ.

Шуудангаар саналаа өгсөн сонгогчдын тоо ч мөн нэмэгдсэн байна. Нийт 754 мянган хүн шуудангаар саналаа өгсөн нь өмнөх 2021 оноос 660 мянгаар илүү байлаа.

Харин энэ үеэр сонгуульд өрсөлдөгч намуудын сурталчилгааны кампанит ажлууд үргэлжлэн явагдсаар байна. Эрх баригч Либерал намын дарга, Канадын Ерөнхий сайд Марк Карни мягмар гарагт хунтайж Эдвардын арал болон Квебек мужуудад ажилласан бол сөрөг хүчний Консерватив намын дарга Пьер Пуальевр Торонто хотод ажиллажээ.

Сүүлд явуулсан намуудын рейтингийн судалгааны дүнгээр эрх баригч Либерал нам өрсөлдөгч Консерватив намаас 5 оноогоор тэргүүлсэн дүн гарсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *