АНУ Украины дайныг зогсоож өндөрлүүлэх дипломат үйл ажиллагааны хурдаа эрчимжүүлж эхэллээ. Дайныг зогсоох асуудлаарх яриа хэлэлцээ Их Британийн нийслэл Лондон хотноо эхлэн явагдаж байна. Энэхүү уулзалтанд АНУ, Их Британи, ХБНГУ, Франц, Украин улсуудын албаныхан оролцож байна. Энэ үеэр мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй дөрөв дэх удаагаа уулзахаар Москваг зориод байгаа юм.
АНУ-ын зүгээс өмнө нь аливаа нөхцөл болзолгүй 30 хоногийн хугацаанд шууд гал зогсоож, үргэлжлүүлээд дайныг өндөрлүүлж, урт хугацаанд энх тайвныг цогцлоох яриа хэлэлцээг явуулах төлөвлөгөөний дагуу дайтагч талуудад санал тавьж, Украин улс буулт хийн бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн бол эсрэгээрээ ОХУ олон тооны урьдчилсан нөхцлүүдийг тавьснаар амжилтгүй болсон билээ.
ОХУ-ын зүгээс дайн гарах болсон үндсэн шалтгаануудыг арилгах нь чухал гэдгийг тодотгож, НАТО өргөжиж буй асуудал нь ОХУ-д аюул заналхийлэл учруулж байгааг онцолсон юм.
Тэгвэл Оросын талаас тавьсан дээрх урьдчилсан нөхцлүүдийг АНУ хүлээн авч, улмаар гал зогсоох санал бүхий дипломат үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх ажилдаа орж эхлээд байгааг барууны хэвлэлүүд онцлоод байна.
Баталгаатай бус эх сурвалжийн мэдээллээр АНУ-ын шинэ саналд ОХУ яг одоо дайтаж буй галын шугамдаа дайн байлдаанаа зогсоож, зүүн Украины дөрвөн мужийн эзлээгүй үлдсэн хэсгүүдэд хяналтаа тогтоох зорилгоосоо ухрах ёстой бөгөөд үүний хариуд АНУ зүүн Украины дээрх дөрвөн мужийн эзлэсэн газар нутгийг Оросын хяналтын нутаг дэвсгэр гэдгийг “де факто” хүлээн зөвшөөрөхийн сацуу 2014 онд ОХУ-ын хууль бусаар эзлэн газар нутгийн бүрэлдэхүүндээ нэгтгэсэн Крымын хойгийг “де юре” байдлаар хүлээн зөвшөөрөх саналууд багтжээ.
Түүнчлэн АНУ Украин улсын НАТО-д гишүүнээр элсэн орох явдлаас татгалзахыг баталгаажуулж байгаа ажээ.
Энэхүү төлөвлөгөөнд багтаж буй өөр нэг бүрэлдэхүүн хэсэг бол АНУ одоогоор Оросын хяналтад байгаа Украины Запорожьегийн атомын цахилгаан станцад бүрэн хяналтаа тогтоож магадгүй байгаа гэнэ.
Хэрвээ АНУ-ын энэхүү төлөвлөгөө, санаачилгыг дэмжин хүлээн авч, тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд АНУ дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээ явуулж буй зуучлагчийн үүргээсээ татгалзана гэсэн сүрдүүлгийг ч мөн бэлдээд байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Гэвч АНУ-ын зүгээс боловсруулсан дээрх төлөвлөгөөнд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, дүрэм журамд нийцэхгүй олон асуудал багтаж байгаагаас гадна тодорхойгүй зүйлс ч их байгаа юм. Хэлэлцэж шийдэх ёстой олон тооны асуудлууд байгаа учраас АНУ-ын энэ удаагийн хичээл зүтгэл амжилттай болох эсэх нь тодорхойгүй байна.
Украины тал нэн даруй гал зогсоож, дараагаар нь яриа хэлэлцээг явуулахыг хүсэж байгаа бол ОХУ зөрчилдөөнөө нэгбүрчлэн гүнзгийрүүлэн хэлэлцэж шийдвэрлэсний дараа энхийн гэрээ байгуулахыг хүсэж байна. Харин АНУ энэ дайныг аль болох түргэн хугацаанд өндөрлүүлэхийг л хүсэж байгаа билээ.