АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дайныг зогсоох асуудлаар Украин улстай, тус улсын ерөнхийлөгч В.Зеленскийтэй яриа хэлэлцээ явуулах нь ОХУ-тай хэлэлцээ хийхээс ч илүү хүнд хэцүү хэмээн хэлсэн байна.
Д.Трамп лхагва гарагт сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр ОХУ дайныг зогсооход бэлэн болсон гэж бодож байгаа талаараа мөн хэлсэн байна. Тэрээр “Бид ОХУ-тай тохиролцоонд хүрсэн гэж би хувьдаа бодож байна. Одоо бид Зеленскийтэй тохиролцох шаардлагатай байна. Түүнтэй хэлэлцээ хийхэд амар хялбар байх болов уу гэж бодож байсан ч одоог хүртэл хүнд хэцүү байсаар байна” гэжээ.
Трамп сэтгүүлчдэд дээрх мэдэгдлийг хийхээсээ өмнө нийгмийн сүлжээнд мөн Украины төрийн тэргүүнийг шүүмжлээд амжсан юм. Тэрээр Крымыг булааж авсан явдлыг Украин улс хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн Зеленскийн байр суурийг шүүмжилж, түүний мэдэгдлийг ОХУ-тай хийж буй энхийн хэлэлцээнд “маш хор хөнөөлтэй” хэмээн тодорхойлжээ.
Зеленскийн ийм “өдөөн хатгалгын шинжтэй үг яриа” нь Орос-Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүндрэл авчирч байгаад бөгөөд зөвхөн дайныг сунжруулах болно гэж Трамп мэдэгджээ.
Америкийн Axios гэх зэрэг мэдээллийн вебсайтуудаар нийтлэгдсэн мэдээллүүдэд Украины талд танилцуулж буй Трампын засаг захиргааны боловсруулсан энхийн төлөвлөгөөнд ОХУ-ын хяналтаа тогтоосон Крымын бүсийг “де юре” байдлаар хүлээн зөвшөөрөх, Украин улс НАТО-д гишүүнээр элсэхгүй гэсэн амлалт багтсаныг онцлоод байна.
Түүнчлэн Трампын засаг захиргааны боловсруулсан уг шинэ энхийн төлөвлөгөөнд Зеленскийгийн зүгээс томоохон буулт хийх нөхцлүүд багтсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. АНУ-ын дээрх энхийн төлөвлөгөө нь хэтэрхий нэг талыг баримталсан буюу Оросын талд шийдэгдсэн санал болсон гэж Киев үзэж байгааг Украины засгийн газрын ойрын эх сурвалжийг эш татан хэвлэлүүд мэдээллээд байна.