Хятад улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тарифын бодлогын эсрэг хариу арга хэмжээ болгож, АНУ-аас захиалсан “Боинг” онгоцуудаа буцааж эхэлсэн байна. Энэ талаар Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компанийн захирал Келли Ортберг мэдэгджээ. Түүний хэлснээр Хятад улс хэдийнээ хоёр “Боинг” буцаагаад байгаа ба ахин нэг онгоц буцаахаар зэхэж байгаа ажээ.
Эргэн сануулахад, АНУ Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд 145%-ийн тариф ногдуулаад байгаа бол БНХАУ Америкийн импортод 125%-ийн тарифыг хариу ногдуулаад байгаа билээ.
“Боинг” компанийн захирал Келли Ортберг тус компани энэ жил Хятадад 50 гаруй онгоц нийлүүлэх захиалгатай байгаа ч тарифын бодлогоос шалтгаалан, тэдний Хятад дахь харилцагч, үйлдвэрлэгчид захиалгаа хүлээж авах бодолгүй байгаагаа илэрхийлээд байгаа гэжээ. Тиймээс “Боинг” компани одоогийн байдлаар үйлдвэрээс гараад байгаа 41 онгоцыг Дэлхийн бусад улс орнуудын агаарын тээврийн компаниудад борлуулах боломж судалж эхэлснийг тэрээр хэлсэн байна.
Мөн тэрээр тус компани бараг өдөр бүр АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний засаг захиргааны холбогдох нэгж, агентлаг, яам, тамгын газрууд, сайд нартай холбогдож байгааг онцолж, ойрын үед яриа хэлэлцээ явуулах өндөр итгэл найдвар тавьж байгаагаа хэлжээ. Харин Д.Трамп мягмар гарагт Цагаан ордны Зууван танхимд үг хэлэхдээ Хятадтай худалдааны харилцаагаа сайжруулах талаар өөдрөг бодолтой байгаагаа илэрхийлж, Хятадын эсрэг ногдуулсан түүний татварын хэмжээ нэлээд их хэмжээгээр буурах боловч тэг болохгүй хэмээн мэдэгдсэн билээ.
Нийт үйлдвэрлэлийнхээ 70 орчим хувийг гадагшаа гаргадаг Америкийн хамгийн том экспортлогчдын нэг болох “Боинг” компанийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрөгч 2024 онд ажил хаялт, онгоцны осол гэмтэл зэрэг асуудлуудаас үүдэн буурсан. Алдагдлаа нөхөхийн тулд үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх арга хэмжээ авсны улмаас энэ оны эхний улиралд мөн бага хэмжээний хохирол амссан талаараа мэдэгдсэн юм.
“Боинг” компани 2025 онд үйлдвэрлэх 737 MAX загварын онгоцныхоо тоог сард 38 болгож нэмэх зорилт тавин ажиллаж байна.