Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болоход хариуцлага хүлээх хүн олдох уу


Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн асуудлыг чуулганы хуралдаанаар ид хэлэлцэж байгаа. Тус хэлэлцээрийг янз бүрээр тайлбарлаж байгаа ч ямар ч байсан байгуулахаар болж байх шиг байна. Учир нь хэд хэдэн байнгын хороогоор хэлэлцэн дэмжээд чуулганы хуралдаанд оруулсан. Өчигдөр санал хураалт явуулах байсныг хойшлуулсан. Тэгэхээр өнөөдөр баталж таарах байх. Санал хураалтыг нэг хоногоор хойшлуулсан нь эсрэг саналтай гишүүдээ лоббидох хугацаа хожиж байна гэж үзэх хүмүүс ч байна. Дээрээс нь олон нийтийн анхаарлыг өөр тийш нь хандуулж байгаад ар хударгаар нь энэ хэлэлцээрийг батлуулах ажлаа хийсэн ч гэж хардацгааж байгаа. ОХУ-ын “Роснефть” компанитай хамтарсан компани байгуулах, Чингис хаан олон улсын нисэх буудлынхаа менежментийг 20 жилээр өгөх, асуудал гарвал Оросын шүүхээр шийдүүлэх гэсэн зүйлийг ярьцгаасан. Гэвч энэ нь хэн ч дэмжих боломжгүй, зүгээр л Евразийн хэлэлцээрээс анхаарлыг сарниулах арга байсан болж таарч байх шиг байна. Яг л нөгөө Сталины онигоо шиг зүйл болсон. Сталин Кремлийг улаанаар будах уу, цэнхэрээр будах уу гэдэг асуудал дээр хүмүүсийн анхаарлыг хандуулж байгаад ар хударгаар нь хэлмэгдүүлэлт явуулах, хүмүүсийг цаазлах хуулиа батлуулсан гэдэг онигоо байдаг юм билээ. Манайхны арга барил үүнээс огт ялгаа алга.

Худалдааны энэ хэлэлцээрийг “Түр гэрээ” гэж Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр онцлоод байгаа. Дээрээс нь өмнөх засгийн үед өөрсдөө эхэлж санал тавьж гуйчихаад одоо эсэргүүцэх гэлээ ч гэж уурссан. Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулж, тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан гэж байгаа. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн юм билээ. Нэг ёсондоо эдийн засгаа солонгоруулах, экспортыг нэмэгдүүлэх чухал хэлэлцээр, гишүүн таван оронд бүтээгдэхүүнээ гаргах сайхан боломжтой болно гэж тайлбарладаг. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Евразийн хэлэлцээр бол түр гэрээ. Бүгдээрээ оролдоод үзье, өрсөлдөөд үзье. Үндэсний үйлдвэрлэлдээ итгэх хэрэгтэй. Бидэнд давуу талууд бий шүү. Бид одоо л энэ бүс рүү гарч өрсөлдөх ёстой” гэсэн байна лээ. Харин нөгөө талд нь дотоодын үйлдвэрүүдийнхээ амыг барих, олон компани дампуурах эрсдлийг дагуулна гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлээд байгаа. Дээрээс нь ОХУ-ын чанаргүй бараагаар зах зээл дүүрч, иргэд хордохоос эхлээд олон сөрөг үр дагавар гарч болно гэдгийг сануулаад байна. Ер нь Орос бол сайн, Хятад муу гэдэг ойлголт ард хоцорсон. Харин олон улсад хятад барааны чанар оросоосоо илүү болчихсон гэдгийг учир мэдэх хүмүүс нь мэддэг болсон.

Тэгвэл нөгөө талдаа өнгөрсөн жилийн гурилын татварыг тэглэж, өнөөдөр асуудал нь буруугаар эргэчихээд байгаа шиг зүйл болохгүй гэх баталгаа бий юү гэдгийг бодолцох л ёстой юм. Ноднин жил сонгуулийн өмнөхөн одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсэд гурилын үнэ өндөр байна. Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг гэж зүтгүүлсээр байгаад ОХУ-аас оруулж ирэх гурил, улаанбуудай, малын тэжээлийн татварыг тэглэж, хэмжээ хязгааргүй болгосон. Үр дүнд нь монголчууд хямдхан гурил идэж, цэнгэлийн манлайд хүрнэ гэж амлаж байв. Дотоодын гурилын үйлдвэрүүд чинь дампуурч, улаанбуудайн тариалалт чинь буурна гэдгийг салбарынхан нь, мэргэжилтнүүд хэлээд байсан ч чихгүй толгойлж, дөргүй аашилсаар баталсан.

Үүний уршгаар хэд хэдэн үйлдвэр дампуурч, өнгөрсөн жилийн улаанбуудайн тариалалт буурсан. Бид чинь уг нь хэдхэн жилийн өмнө улаанбуудай, гурилын дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангадаг байв. Атрын гуравдугаар аян гээчийг хэрэгжүүлсний үр дүнд бид ямар ч байсан айлаас гурил гуйхааргүй болчихсон байсан. Гэтэл ердөө ганцхан буруу шийдвэр, сонгогдож л байвал хамаагүй гэсэн үзлээс болоод өнөөдөр бид Атрын дөрөвдүгээр аян хэрэгжүүлэх тухай яриад сууж байна.

Мөн Ерөнхийлөгч нь “Хүнсний хувьсгал” гэсэн том хөтөлбөр санаачилж, 19 нэр төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангадаг болно гэсэн. Гэвч энэ тоо лав цаашдаа гурил, улаанбуудай хоёроор нэмэгдэх бололтой. Ердөө жил хүрэхгүй хугацааны дараа энэ шийдвэр нь алдаатай, буруу бодлого байжээ гэдгийг хаа хаанаа ойлгож, буцаагаад татвартай болгоод өгөөч ээ гээд УИХ-аар хэлэлцэж байна. Харамсалтай нь ийм алдаатай бодлого хэрэгжүүлсэн гээд хэн нэгэн хариуцлага хүлээхгүй өнгөрч байна. Гардан санаачилсан, батлуулсан хүн нь чуулган даргалж байгаа болохоор танхимаас нь хариуцлага хүлээ гээд хэлчих эр зоригтон ч гарахгүй л байна. Яг үүн шиг ирэх жилийн өдийд Евразийн хэлэлцээр чинь хэрэггүй эд байжээ, буруу бодлого байсан байна гээд зогсож байвал хэн хариуцлага хүлээх вэ. Яах вэ, одоохондоо Тэргүүн Шадар сайд энэ хэлэлцээрийг өөрийн толгойгоороо хариуцна гээд л байгаа. Гэвч манай улсын түүхэнд яг хэлсэндээ хүрээд, хариуцлагаа үүрээд явчихсан улстөрч нэг ч байхгүй. Дээрээс нь сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж, толгойгоороо хариуцна гэж байхаар ялангуяа гадаад улстай хийх гэрээ хэлцлүүдээ сайтар судалж, Монгол Улсад, монгол хүнд ямар ашиг тустай вэ гэдгийг урьтал болгох хэрэгтэй. “Долоо хэмжиж, нэг огтол” гэсэн хэлц үг бий. Үүн шиг энэхүү худалдааны хэлэлцээрийг ёстой л долоо хэмжиж байж дараа нь шийдвэрээ гаргахад оройтохгүй. Түүнээс биш улс орны эдийн засагт шууд нөлөөлөх, ард түмний амьдралд оролцоотой шийдвэрүүдийг “яаралтай горим”оор гаргамааргүй байна. Тэгэхгүй бол жил бүү хэл сарын дотор л буруудсан байна гээд толгойгоо маажиж, өмнөх алдаагаа засах гээд үйлээ үзэж суухгүй шүү дээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *