Израилын зэвсэгт хүчин НҮБ-ын ажилтанг хөнөөснөө хүлээжээ


Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн сард Газын зурваст НҮБ-ын ажилтанг хөнөөснөө хүлээсэн байна. Израилын зэвсэгт хүчин дээрх асуудлыг өмнө нь няцааж байсан бол пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ хэргийг мөрдөн шалгах явцад Израилын цэргүүд НҮБ-ын ажилтанг алдаа гарган, хороосон гэдгээ хүлээжээ.

3-р сарын 19-ний өдөр Газын зурвасын Дейр аль-Балах хот дахь НҮБ-ын байр цохилтод өртсөний улмаас НҮБ-ын ажилтан, Болгар улсын иргэн Марин Валев Маринов амиа алдаж, өөр 5 ажилтан маш хүнд шархдаж, бэртсэн. Тухайн үед НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш хэргийг сайтар нягтлан шалгахыг уриалж байсан бол Израилын зэвсэгт хүчин тэрхүү барилга байгууламжид цохилт өгөөгүй гэж мэдэгдэж байсан юм.

Харин пүрэв гарагт Израилын зэвсэгт хүчний гаргасан мэдэгдэлд уг хэргийг мөрдөх явцад Израилын цэргүүд тухайн барилга дотор “дайснууд нуугдаж байна” хэмээн алдаатай дүгнэлт гаргаж, НҮБ-ын байр гэдгийг мэдээгүйн улмаас НҮБ-ын ажилтан амиа алдсан болохыг мэдэгджээ.

Тус мэдэгдэлд Израилын зэвсэгт хүчин энэхүү ноцтой хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн, талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, ирээдүйд ийм алдааг давтахгүйн тулд сайтар нягтлан шалгаж байх болно гэдгээ тодотгож, мөрдлөгийн урьдчилсан тайлан дүгнэлтийг НҮБ-тай хуваалцаж, албан ёсны бүрэн тайланг мөн гаргаж өгөх болно гэдгийг онцолсон байна.

Энэхүү хэрэг явдлаас гадна мөн Израилын зэвсэгт хүчин өнгөрөгч сард Газын зурваст явуулсан “мэргэжлийн алдаатай” үйл ажиллагааны улмаас онцгой байдал, түргэн тусламжийн 15 ажилтан амь үрэгдсэн гэдгийг энэ долоо хоногийн эхээр мэдэгдэж, хэргээ хүлээсэн юм.

2023 оны 10 сард Хамасын Израилд гэнэт халдан довтолсон хэрэг явдлаас эхэлсэн энэ дайны явцад Газын зурваст 51300 гаруй хүн амь үрэгдээд байгааг тус бүс нутгийн Эрүүл мэндийн яам мэдэгдээд байгаа. Израилын зүгээс Хамасын барьцаанд байгаа үлдсэн 59 иргэнээ суллаж авахын тулд Хамасын эсрэг цэргийн ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдгээ энэ долоо хоногт мэдэгдээд байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *