Францын баруун хэсгийн Нант хотын нэгэн сургуульд пүрэв гарагт хутгаар үйлдсэн халдлага гарч, өсвөр насны нэг охин амиа алдаж, 3 сурагч шархджээ. Халдлага Нант хотын 2000 орчим сурагчтай, Notre-Dame-de-Toutes-Aides хэмээх хувийн сургуульд орон нутгийн цагаар пүрэв гаргийн үдээс хойш гарсан байна. Халдлага үйлдсэн этгээдийг тус сургуулийн багш аюулгүй болгосон аж. Үүний дараа уг этгээдийг цагдаа нар баривчилсан байна.
Халдлага гарах үеэр мөн ойр орчмын эргүүлийн цагдаа, түргэн тусламж болон мөн зэвсэгт хүчний албан хаагчид дуудлагаар ирсэн байна. Сурагчдын ар гэрийнхэнд сургууль дээр хутгатай халдлага гарсныг нэн даруй мэдэгдэж, сургуулийг битүүмжилж, халдлага үйлдсэн этгээдийг баривчилж, аюулгүй байдлыг бүрэн хангасны дараагаар сурагчдыг сургуулиас гаргажээ. Мөн халдлагатай холбогдуулан, сурагчид болон багш нарт сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээ авчээ.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон мөн пүрэв гарагт өөрийн Х хуудсаараа дамжуулан халдлагын хохирогчдын талаар мэдээлж, хэргийн газарт эр зориг гаргасан багш нараар бахархаж байгаагаа бичсэн байна. Францын Ерөнхий сайд Франсуа Байру эл халдлагын дараагаар хийсэн мэдэгдэлдээ сургуулиудад явуулдаг хутга, мэсний шалгалтыг “улам чангатгахыг” уриалжээ.
Нант хотын иргэний прокурор Антуан Лерой халдлага гарсан сургуульд очиж ажилласан бөгөөд хэрэгтэй холбогдуулан ойрын өдрүүдэд хэвлэлийн бага хурал хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.