УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Зээлийн мэдээллийн санд 13 арилжааны банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг. 2024 оны 2 дугаар сарын байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна. Банкны хар жагсаалт буюу санхүүгийн “ял”-ыг үгүй болгох зорилготой энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Сэддорж зээлийн хар жагсаалтын хугацааг яагаад олигтой хөдөлгөж чадахгүй байгаа талаар мөн нэг удаа утасны төлбөр төлөөгүйгээс болоод банкны хар жагсаалтад 6 жил ордог нь ямар учиртайг тодруулсан юм. “Хэдэн тэрбумаар зээл авсан иргэдийн асуудлыг ойлгож байна. Харин иргэдийн хэрэглээний зээлтэй холбоотой муу түүхийг 2-3 жил болгож болох уу” гэж тэрээр лавлалаа.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Э.Батшугар “Мобиком”-ын зээлтэй холбоотой асуудлыг таван жил болгож байгаа. Энэ бол муу зээлийн түүх биш. Тухайн иргэний дата баазыг л хадгална гэсэн үг. Хар жагсаалт гэж зүйл энэ хууль батлагдсанаар байхгүй болж байгаа” гэж хариуллаа.