Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто-гийн санаачлан хэрэгжүүлж буй, тус улсын 80 сая сургуулийн сурагчдыг өдөр бүр үнэгүй хоолоор хангах хөтөлбөр асуудалд ороод байна.
Индонезийн нийслэл Жакарта хотын өмнө зүгт оргих Сианжур хотын хоёр ахлах сургуулийн 80 орчим сурагч энэ долоо хоногт хоолны хордлого авч, эмнэлэгт хүргэгджээ. Хордлого авсан ихэнх сурагчид эмнэлгээс гараад байгаа талаар албаныхан мэдээлжээ.
Сурагчдын бөөлжисийн дээжийг лабораторийн шинжилгээнд явуулснаас гадна цагдаа нар дээрх хоёр сургуулийн тогооч, бэлтгэгч, савлагч, туслах ажилтнууд, хүргэгч гээд гал тогооны бүхий л ажилтнуудаас мэдүүлэг авч, шалгаж байгаа ажээ.
Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто-гийн санаачлан хэрэгжүүлж буй сургуулийн үнэгүй хоолны хөтөлбөр эхэлснээс хойш хоолны хардлага авсан хэрэг явдал удаа дараа гарч байгаа юм.
Энэ долоо хоногт гарсан хоолны хордлогыг шалгаж буй эрх баригчдын зүгээс сургуулийн хоолыг бэлтгэх үйл явцад хайхрамжгүй хандаж, алдаа гарсантай холбон тайлбарлажээ.
16 настай нэгэн сурагч орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тухайн өдөр идсэн хоолны тахианы махнаас “эхүүн муухай үнэр гарч байсан, идсэний дараа толгой эргэж, дотор муухай оргиж, бөөлжсөн” гэжээ.
Дэлхийн олон улс оронд сургуулийн сурагчдыг үнэ төлбөргүй хоолоор хангах хөтөлбөр хэрэгждэг бөгөөд бие физиологийн хувьд ид өсөж, хөгжиж яваа сурагчдыг сургуулиас чанартай хоол хүнсээр хангах нь сурагчдын эрүүл мэнд, эрдэм мэдлэг, идэвхитэй хөдөлгөөн, бусад арга хэмжээн дэх оролцоонд эергээр нөлөөлдгийг олон судалгаа батлан харуулсан байдаг.
Гэвч Индонезид хэрэгжүүлж буй 28 тэрбум ам.долларын өртөг бүхий сургуулийн хоолны хөтөлбөр нь эсрэгээрээ хүнсний аюулгүй байдлын асуудлыг дагуулж, засгийн газрын эсрэг олон тооны жагсаал цуглаан зохион байгуулагдахад хүргээд байна.
Өнгөрсөн оны 10-р сард албандаа орсон Индонезийн ерөнхийлөгч П.Субианто сургуулийн үнэгүй хоол, иргэдийн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, шинэ орон сууц гэх зэрэг популист бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх амлалт өгснөөр иргэдийн дэмжлэгийг авч байсан юм. Гэвч энэ оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн сургуулийн үнэгүй хоолны хөтөлбөрийн эхний шатанд тус улсын 26 мужийн 550 мянган сурагчид хамрагдсан боловч хэрэгжсэн цагаас нь эхлээд л хоолны хордлогууд гарч эхэлсэн байна.
Энэ долоо хоногт гарсан хоолны хордлогын дараагаар эрх баригчдын зүгээс хүнсний аюулгүй байдлын үйл явцыг эрчимжүүлэх амлалтыг өгөөд байна. Индонез улс энэ жил сургуулийн үнэгүй хоолны хөтөлбөрт 10 тэрбум гаруй ам.долларыг төсөвлөөд байгаа ажээ.