Их Британийн хунтайж Харри, түүний эхнэр Меган нар сошиал буюу нийгмийн сүлжээн дэх бага насны хүүхдийн хамгааллын асуудлыг хөндсөн тусгай арга хэмжээг АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгууллаа.
Сассексын гүн болон гүнгийн авхай нар бага насны хүүхдүүд нь нийгмийн сүлжээний хор хөнөөлтэй контентуудаас болж амь насаа алдсан гэгдэх гэр бүлүүдэд зориулсан “Lost Screen Memorial” буюу “Алдагдсан дэлгэц” хэмээх дурсгалын хөшөөг Нью-Йорк хотноо танилцуулсан байна.
Ухаалаг гар утасны дэлгэц бүхий тэдгээр 50 ширхэг гэрэлт самбар дээр амиа алдсан хүүхэд бүрийн гэгээн дүрийг мөнхөлсөн бөгөөд тэдгээр хөшөө дурсгалыг нэг өдрийн хугацаанд байршуулсан ажээ. Энэхүү дурсгалын арга хэмжээг Archewell Foundation сан зохион байгуулжээ.
Энэ үеэрээ тэд цахим орчин, олон нийтийн сүлжээнээс шалтгаалж ахин нэг ч хүүхэд эндэхгүй байхын төлөө өөрчлөлтийг авчрахыг хүсэж байгаагаа онцолжээ. Хунтайж Харри “хүний амь амьдрал нийгмийн сүлжээнээс илүү үнэ цэнэтэй” гээд, тэдний үр хүүхдүүд цахим орчинд нэвтрэх насанд хүрээгүй байгаад ихэд баярлаж байгаагаа хэлсэн байна.
Харри, Меган нар бага насны хүүхдийг нийгмийн сүлжээнээс хол байлгаж, нийгмийн сүлжээний аюул, хор хөнөөлөөс хамгаалах ажлын хүрээнд энэхүү асуудлыг хөндөн гаргаж ирэхийн сацуу мөн холбогдох албадууд болон технологийн компаниудад хүүхэд хамгааллын арга хэмжээ хангалтүй байгааг анхааруулж, нэмэгдүүлэхийг уриаллаа. Мөн нийгмийн сүлжээний аюул нь олон улсын асуудал бөгөөд хүүхэд бүр аюулгүй байх ёстой гэдэг дээр хүн бүр санал нэгддэг гэдгийг сануулжээ.