Аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Хойд бүсийн Хөвсгөл, Орхон, Булган гурван аймгийн Засаг Даргын тамгын газрууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нар гарын үсэг зурав.
Тус санамж бичиг нь аялал жуулчлалын салбарын хөгжилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд аймгуудын нөөц боломж, газар зүйн байршилд тулгуурлан бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилготой юм.
Энэ хүрээнд талууд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтран хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, сурталчилгааны хамтарсан бодлого хэрэгжүүлэх зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажиллана.
Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд чухал алхам болж байгааг талууд онцоллоо.
Гэрэл зургийг MPA