АНУ-ын Огайо мужийн Кливленд хотод байрлах “Rock and Roll Hall of Fame” буюу Рок-н-роллын алдрын танхим хэмээх дуу хөгжмийн музейд мөнхлөгдөх нэр дэвшигчид ням гарагт тодорсон байна.
Энэ жил нийт 14 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 7 хамтлаг, уран бүтээлч Рок-н-роллын алдрын танхимд нэрээ үлдээж, мөнхлөгдөх уран бүтээлчдээр тодорсны нэг нь Сиэттл хотоос гаралтай, алдарт гранж рок Soundgarden хамтлаг байлаа.
Америкийн Сиэттл хотоос үүсэлтэй гэгддэг гранж рок хөгжмийн төрөл жанрыг домогт Nirvana хамтлаг 90-ээд оны эхээр дэлхийд түгээж байсан бол Soundgarden, Alice In Chains, Pearl Jam, Stone Temple Pilots, Mudhoney, Tad, Bush зэрэг энэхүү урсгалаар уран бүтээлээ туурвидаг маш олон хамтлаг тус хотоос төрөн гарсан байдаг.
Soundgarden хамтлаг 1984 онд Сиэттл хотноо байгуулагдаж байсан бөгөөд студийн бүрэн хэмжээний нийт 6 цомог гаргасан байдаг. Хамтлагийн дуучин Крис Корнелл 2017 онд нас барснаар хамтлаг тарсан байдаг ч 2019 онд ганц удаа дахин нэгдэж, тоглож байсан юм.
Soundgarden хамтлагийн хувьд өмнө нь 2020 болон 2023 онд нэр дэвшиж байсан бол ийнхүү 3 дахь удаагаа нэр дэвшихдээ сонгогдоод байна. Тус хамтлагийг энэ жил нэр дэвшүүлэх үеэр Nirvana, Pearl Jam гэх зэрэг дараа дараагийн гранж рок хамтлагууд гарч ирэх замыг зассан, дуу хөгжмийн нөлөө бүхий хамтлаг хэмээн онцолж байсан билээ.
Рок-н-роллын алдрын танхимд энэ жил Soundgarden хамтлагаас гадна Bad Company, Outkast, The White Stripes хамтлагууд, дуучин Чабби Чеккер, Жо Кокер, Синди Лопер нар мөн нэрээ мөнхлөхөөр болсон байна.