Испани, Португал улсуудад орон нутгийн цагаар даваа гарагийн үдээс хойш орон даяар цахилгаан тасарч, түүнээс хойш дээрх улсуудад цахилгаан станцуудаа бүрэн ажиллагаатай болгохыг хичээсээр байна.
Цахилгаан тасарсны улмаас нислэгүүд хойшлогдож, галт тэрэг, метроны үйлчилгээ зогсч, олон зорчигчид харанхуй метронд гацаж, автозамын гэрлэн дохионууд ажиллагаагүй болсноос үүдэн түгжрэл үүссэн байна.

Түүнчлэн олон хүн цахилгаан шатанд гацаж, гар утас сүлжээгүй болж, хүмүүс олноороо бэлэн мөнгөний машинд оочерлон дугаарлаж, шатахуун түгээх станцууд үүдээ барьсан үйл явдлууд ганцхан шөнийн дотор болсон байна.
Эрчим хүчний тасалдлын улмаас Испани улсад онц байдал зарлаж, тус улсын ерөнхий сайд Педро Санчез ард иргэддээ тайван байхыг уриалж, аль болох гадуур гарч, аялахгүй байхыг иргэдээсээ хүсжээ. Мөн тэрээр хөрш зэргэлдээх Франц гэх зэрэг улсаас эрчим хүчний нийлүүлэлтийг шийдсэнээр тус улсын зарим хэсгээр цахилгаан сэргээд байгаа ба ойрын үед орон даяар эрчим хүчийг сэргээнэ гэдгээ мэдээлсэн байна.
Испанийн ерөнхий сайд мөн одоогийн байдлаар орон даяар цахилгаан тасарсан шалтгааныг эцэслэн олж тогтоогоогүй байгааг хэлжээ. Португалийн ерөнхий сайд Луис Монтенегро ямар нэгэн байдлаар хакерын халдлага, довтолгоонд өртсөн гэх шинж тэмдэг ажиглагдаагүй гэсэн байна.
Испанийн цахилгаан дамжуулах сүлжээний газраас өдрийн дотор цахилгааныг сэргээнэ гэсэн бол Португалийн цахилгаан сүлжээний REN компанийн зүгээс бүрэн сэргээхэд дээд тал нь 7 хоногийн хугацаа шаардлагатай гэжээ. Даваа гарагийн шөнө Испани улсад цахилгаан сүлжээний 50 хувийг сэргээгээд байгааг мэдэгдсэн бол Португалийн дээрх цахилгаан сүлжээний компани 750 мянган хэрэглэгчийн цахилгааныг сэргээснээ мэдэгджээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар салбарын мэргэжилтнүүд Франц болон Испани улсуудын цахилгаан сүлжээний гол холбогчид гэмтэл гарсантай холбон тайлбарлаж байна.