Даваа гарагт явагдсан Канад улсын ээлжит бус парламентын сонгуульд ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод удаагүй байгаа Марк Карни-гийн тэргүүлсэн эрх баригч Либерал нам ялалт байгууллаа.
Канадын сонгуулийн хорооны зүгээс мэдэгдсэнээр сонгуулийн өдөр 28,5 сая иргэн саналаа өгсөн бол өмнө нь 4 өдрийн хугацаанд явагдсан эрт санал хураалтаар 7.3 сая хүн саналаа өгсөн байна.
Өмнө нь огт сонгуульд нэр дэвшиж, оролцож үзээгүй ерөнхий сайд Марк Карни-гийн тэргүүлсэн Либерал нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой болсныг эх сурвалжууд мэдээллээ.
Одоогоор сонгуулийн албан ёсны эцсийн дүн хараахан гараагүй байгаа тул эрх баригч Либерал нам нийт 343 суудалтай парламентад олонх болоход шаардлагатай 172 суудлыг авч чадсан эсэх нь тодорхойгүй байна. Урьдчилсан дүнгээр эрх баригч Либерал нам 161 суудал, сөрөг хүчний Консерватив нам 150 суудал аваад байгаа ажээ.
Марк Карни Онтарио хотноо сонгогч, дэмжигч олонтойгоо уулзах үеэрээ ялалт байгуулснаа мэдэж, “АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп манай улсыг хагаралдуулж, булааж авахыг хичээж байгаа ч тийм зүйл хэзээ ч болохгүй” хэмээн хэлсэн байна.
Сөрөг хүчний Консерватив намын дарга Пьер Пуальевр ялагдлаа хүлээн зөвшөөрсөн ч намын даргын суудлаасаа буухгүй гэдгээ мэдэгдэж, тус нам энэ удаад парламент дахь суудлын тоогоо 20-иор нэмэгдүүлснээ тодотгожээ.
Сонгуульд ялалт байгуулаад буй Либерал нам дангаараа засгийн газар байгуулах уу, эсвэл эвслийн засгийн газар байгуулах уу гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна. Аль ч тохиолдолд шинээр байгуулагдсан засгийн газар Канад улсын эсрэг импортын өндөр тариф тогтоож, тус улсыг Америкийн 51 дэх муж болгоно хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын эсрэг бодлого төлөвлөгөө боловсруулж, үйл ажиллагаа явуулах шаардлагатай болох бөгөөд Канадын иргэд энэ удаад Либерал намд итгэл хүлээлгэж байгаа нь ээлжит бус сонгуулийн дүнгээс ийнхүү харагдлаа.