Хөлбөмбөгийн салбар уналтад орчхоод байна гэхэд хилсдэхгүй нөхцөл байдал яг өнөөдөр тулгараад буй билээ. Учир нь Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн хоногийн өмнө болж УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар Ерөнхийлөгч болсон билээ. Харин уг үр дүнг нийт хөлбөмбөгчид эсэргүүцэж тэмцээн уралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж буй бол мөн зарим клубүүд, хөлбөмбөгийн спортыг дэмжин ажилладаг байгууллагууд хүртэл үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.
Яг одоо Монгол улсад өрнөж буй үйл явдал Дэлхийн олон оронд тохиож байжээ. Бойкот зарласан эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн түүхээс та бүхэнд сонирхуулъя.
Гана-Сэтгүүлчийн дэлгэсэн баримт (2018)
Ганын хөлбөмбөгийн холбооны удирдлага авлига авч буйг илчилсэн баримтат киног сэтгүүлч Анас Аремеяв нийтэлсэн нь эсэргүүцлийн хөдөлгөөний эхлэл болов.
Шигшээ багийн тамирчид олон нийтийн дэмжлэгтэйгээр холбооны удирдлагын эсрэг тэмцэл өрнүүллээ. Гарцаагүй үнэнд гүйцэгдсэн Ганын хөлбөмбөгийн холбоо татан буугдаж, удирдлагын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав.
Улмаар FIFA-гийн дэмжлэгтэй түр хороо байгуулагдаж, 2019 онд шударга, ардчилсан зарчмаар шинэ удирдлагаа сонгожээ.
Бразил-“Fora Marin” хөдөлгөөн (2014-2015)
Бразилын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жозе Марин авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АНУ-д шалгагдаж байв. Хөлбөмбөгчид ерөнхийлөгчөө эсэргүүцэн огцрохыг шаардаж эхэллээ.
#ForaMarin (Мариныг огцруул) эсэргүүцлийн хөдөлгөөнд Кака, Ромарио зэрэг алдартай хөлбөмбөгчид нэгдсэнээр улам хүчийг авсан юм. Үр дүнд нь Марин 2015 онд баривчлагдаж, холбоонд шинэчлэл хийсэн байна.
Нигерийн хөлбөмбөгчдийн эсэргүүцэл ба FIFA-гийн шахалт (2010-2014)
Хөндлөнгийн улстөрчдийн оролцоо, мөнгө санхүүгийн зүй бус зарцуулалт, хаалттай байдалд дургүйцсээр ирсэн хөлбөмбөгчдийн тэвчээр 2010 онд алдарч, холбооны удирдлагуудынхаа эсрэг тэмцэл өрнүүлэв.
Хөлбөмбөгчид шигшээ багтаа тоглохоос татгалзаж, хэвлэл мэдээллээр эсэргүүцлийн мэдэгдэл хийж байлаа.
FIFA-гийн зүгээс удаа дараа сануулга өгсөн боловч байдал дээрдээгүй тул эцэст нь хөндлөнгөөс оролцож, холбооны удирдлагуудыг өөрчлөв. Мөн өндөр түвшний зарим дарга нь шүүхээс ял сонссоноор энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн өндөрлөжээ.
Швейцар-Шүүгч нар, эмэгтэйчүүдийн эсэргүүцэл (2016)
Швейцарын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооны шийдвэр гаргалтад эрчүүд давамгай байдалтай байсныг шүүгч, дасгалжуулагчид болон эмэгтэй хөлбөмбөгчид эсэргүүцэв. Тиймээс холбоо бүтэцдээ өөрчлөлт оруулж, хүйсийн тэнцвэрт байдлыг ханган шийдвэрлэсэн байна.
Испанийн хөлбөмбөгчдийн бойкот (1984)
Испанийн хөлбөмбөгчдийн холбоо цалингийн талаарх маргааны улмаас бүх мэргэжлийн хөлбөмбөгчдийг лигийн тоглолтод оролцохгүй байхыг уриалав.
Энэ эсэргүүцэл Испанийн хөлбөмбөгийн лигийг бүхэлд нь зогсооход хүргэж, улмаар холбоо болон тоглогчид тохиролцоонд хүрснээр дуусгавар болсон байна.

Аргентиний хөлбөмбөгчдийн бойкот (1997)
Аргентиний хөлбөмбөгчид цалингаа тогтмол авч чаддаггүй байсан тул лигийн тоглолтуудыг бойкотолжээ. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн Аргентиний хөлбөмбөгийн холбоонд том дарамт үзүүлж, эцэст нь хөлбөмбөгчдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авахад хүргэсэн юм.
Эндээс харвал хөлбөмбөгчид, клубүүд нэгдэн нийлж чадсан цагт эсэргүүцлийн хөдөлгөөн үр дүнд хүрч байжээ. Мөн үүнд олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо чухал нөлөөтэй байв.
Эх сурвалж: Daily Sport Mongolia