МСБХ-ны 2023-2024 оны Үндэсний Дээд Лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг “BCL Asia” буюу Азийн Аваргуудын лигийн анхны тоглолтоо өнөөдөр орой 20:00 цагаас хийх гэж байна. Тэд Тайваний “New Taipei Kings” багийн талбайд зочлон тоглох юм.
Хүлэгүүдийн тухайд “BCL” лигт хоёр дахь удаагаа оролцож буй. Багийн бүрэлдэхүүнд монгол тамирчдаас гадна гурав хүртэлх импорт тоглогч тоглож болдог. Тэгвэл тус баг “Basketball Champions League Asia”-д оролцох 3 дахь импорт тоглогчоороо “Jordy Tshimanga” гэх тоглогчийг сонгожээ. 210см өндөр төвийн байрлалд тоглодог тухайн тоглогч нь хамгийн сүүлд Тайвань улсын P Лигийн Kaohsiung Steelers багийн бүрэлдэхүүнд 22 тоглолтод оролцож 15.6 оноо, 17.0 самбар, 2.5 хаалт, 1.8 б.таслалт дунджилсан ба оролцсон тоглолтууддаа бүгдэд нь 10+ самбар авч байжээ.
Мөн бэртлийн улмаас финалын сүүлийн хоёр тоглолт өнжөөд байсан А.Азбаяр бэлтгэлдээ эргэн орсон байна.