Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур суманд гарсан ойн түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна. Түймэр гарсан тухайн бүс нутагт “NTV” телевизийн сурвалжлах баг ажиллаж, үйл явдлыг үзэгчдэдээ шууд дамжуулан үзүүлж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулжээ. Сумын Засаг даргын Тамгын газраас ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас мөнгөн хандив авахаар нөхцөл байдал үүсээгүй гэж мэдээллээ.
Онцгой байдлын алба хаагчид өглөөний 06:00 цагаас хойш хоол, ундаа идэлгүй цурам тавьж галын тархалтыг хумихаар ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 10 дугаар ангийн салаан захирагчийн туслах, ахлах ахлагч М.Хүрэлсүх: Салхины чиг, шар өвсний өтгөн шингэнийг харна. Салхины чиг наашаа байвал цурам тавьж болохгүй. Одоо бид хүлээж байна. Уулын амнаас эхлээд салхилж буй болохоор цурам тавибал наашаагаа үлээх аюултай. Өөрсдөө эрсдэлд орно. Салхины чиг өөрчлөгдөхөөр цурмаа тавина. Ийм тактикаар “Эрдэнэт”-ийн аврах ангитай нийлэн ажиллаж байна. Би өчигдөр шөнө ирсэн. Хэдий болтол ажиллахаа мэдэхгүй. Ой, хээрийн түймэр хугацаа заадаггүй.

