Starbucks сүлжээ үйлчлүүлэгчдээ буцааж татахын тулд олон тооны бариста ажилд авсаар байна


Starbucks сүлжээ үйлчлүүлэгчдээ буцааж татах стратеги зорилтын хүрээнд үйлчилгээний автоматжуулалтын төлөвлөгөөг зогсоож, эсрэгээрээ олон тооны бариста ажилд авах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлүүлэхээр болсон талаар тус компанийн гүйцэтгэх захирал Брайн Никкол мэдэгдээд байна. Тэрээр өнгөрсөн жил тус компанийн гүйцэтгэх захирлын албанд томилогдсон бөгөөд үнийн өсөлт болон хэрэглэгчдийн зарлагаа танаж буйгаас үүдэн үйл ажиллагааны доголдолд орсон тус кофе шопын сүлжээний бизнесийг буцааж хөл дээр нь босгож, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх үүрэг хүлээгээд байгаа юм.

2024 оны 9-р сард Starbucks-ын гүйцэтгэх захирлаар томилогдсон Брайн Никкол хэлэхдээ, олон тооны ажилтан авах нь өндөр зарлага гаргах боловч үүнийгээ дагаад үйлчилгээ сайжирч, мөн хөрөнгө оруулалтыг ч татах тул өсөлт ажиглагдах болно хэмээн тодотгожээ. Тэрээр энэ жил 3000 салбартаа олон тооны бариста ажилд авна гэдгийг хэлсэн байна.

Брайн Никкол өнгөрсөн 1-р сард Starbucks-ын Хойд Америкийн бүс нутгийн бүх салбаруудад ямар ч худалдан авалт хийгээгүй хүмүүст ариун цэврийн өрөөгөөр үйлчлэхгүй байх журмыг хэрэгжүүлж эхлүүлсэн боловч одоогийн байдлаар борлуулалтын тал дээр дорвитой өөрчлөлт ажиглагдаагүй байсаар байна.

Тус компани зөвхөн бариста олноор нь ажилд аваад зогсохгүй мөн кофе шопуудынхаа өнгө төрх, цэс болон ажилтнуудынхаа ажлын хувцас зэрэгт өөрчлөлт хийж, шинэчлэхээр болсон байна. Starbucks компанийн зүгээс бариста нар нь хар бараан, дан өнгийн хувцсыг олонд танигдсан ногоон өнгийн хормогчтой хослуулан ижилсүүлэхээр болсноо мэдээлжээ.

Түүнчлэн мягмар гарагт Starbucks компани 2025 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа гарган танилцуулсан байна. Оны эхний улирлын тайлангийн дүн төсөөлснөөс ч доогуур буюу олон улсын худалдааны хэмжээ нь 1%-иар буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд тус компанийн үзүүлэлт сүүлийн 5 улирал дараалан уналттай гарч байгаа нь энэ юм. Хамгийн том зах зээл болох АНУ-д борлуулалтын хэмжээ сул байгаа бол Хятад болон Канад дахь борлуулалт өссөн болохыг тайланд дурьджээ.

Харин оны эхний улирлын тайланг танилцуулсны дараа Starbucks-ын хувьцааны ханш 6.5 гаруй хувиар унасан байна.


One response to “Starbucks сүлжээ үйлчлүүлэгчдээ буцааж татахын тулд олон тооны бариста ажилд авсаар байна”

  1. Mongoliin uilchilgeenii gazruud tom jijiggui ax duu, xamaatan sadnuudaa ajild avchixdag Ted nar n yum xiixgui, ajil xiij bga ruu dairch dovtlood,daramtlaad bdg n sonin.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *